Орос улс оршин тогтноход нь бодит аюул заналхийлсэн тохиолдолд л цөмийн зэвсэг хэрэглэж болно гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.
Дмитрий Песков “Бидэнд дотоодын, үндэсний аюулгүй байдлын тухай цогц бодлого бий. Энэ нь олон нийтэд нээлттэй байгаа. Ямар шалтгаанаар цөмийн зэвсэг хэрэглэж болохыг тэндээс уншиж болно. Хэрвээ манай улсын цаашдын оршин тогтнолд аюул учирвал бид энэ үзэл баримтлалын дагуу ашиглаж болно” хэмээн CNN-д өчигдөр өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдлээ.
Москва цөмийн зэвсгийн асуудалд цэргийн дүрмийн заалтын дагуу хамгийн хариуцлагатай хандаж байна гэж Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков өмнө нь онцолж байсан юм.
Орос, Украины нөхцөл байдал хурцдаж эхэлсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэрвээ мөргөлдөөнд НАТО татагдан орвол цөмийн зэвсэг хэрэглэнэ хэмээн мэдэгдэж, цөмийн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд шилжүүлэх тушаал өгөөд байгаа билээ.