Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Лхагва гаригт Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ) болон Саудын Араб руу айлчилж, Ойрхи Дорнодоос газрын тос, нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гэрээ хийх боломжийн талаар хэлэлцэх гэж байна.
Барууны бусад орнуудын нэгэн адил Их Британид эрчим хүчний үнэ өсөж байгаа тул Жонсон Оросын экспортоос хараат байдлыг багасгахын тулд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, бусад нийлүүлэлтийг баталгаажуулахыг хичээж байна гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Ерөнхий сайд Жонсоны албанаас гаргасан мэдэгдэлдээ “Их Британи бидэнд тулгарч буй шинэ бодит байдлыг даван туулахын тулд олон улсын эвслийг байгуулж байна. Дэлхий Оросын нүүрсустөрөгчийн нөөцөөс өөрийгөө салгах ёстой. Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсууд Олон улсын энэ хүчин чармайлтын гол түншүүд юм” хэмээн дурдсан байна.
Их Британийн Ерөнхий сайд АНЭУ-д Жонсон угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Заидтай, Саудын Арабт угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай уулзахаар төлөвлөжээ. Мөн Украины эргэн тойрон дахь нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд Орост үзүүлж буй хатуу шахалтад Арабын удирдагчдыг нэгдэхийг ятгах болно гэж Британийн хэвлэлүүд үзэж байна.
Эх сурвалж: INTERFAX