Өчигдөр “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо” хуралдлаа.
Шадар сайд С.Амарсайхан өчигдөр хуралдсан өчигдөр хуралдсан Түр хорооны хуралдаан дээр манай улсад 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар коронавируст халдварын улмаас нийт 2105 иргэн нас барсан бөгөөд нас барагсдын 1677 нь архаг суурь өвчтэй байсан ба архаг суурь өвчний дотор зүрх судасны өвчин хамгийн өндөр буюу 1264 байсныг мэдэгдсэн байна.
2022 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт хүн амын 69.8 хувь вакцины нэгдүгээр тунд, 66.8 хувь хоёрдугаар тунд, 31.6 хувь гуравдугаар тунд хамрагджээ.
Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийжээ. Тэрбээр, омикроны халдварын тохиолдлын тоо ДЭМБ-ын мэдээлснээр гуравдугаар сарын эхний долоо хоногт дэлхийн дийлэнх бүс нутагт 5-8 хувиар буурч бүртгэгдсэн бол номхон далайн баруун бүсэд 46 хувь өссөн. Энэхүү өсөлт БНСУ, БНХАУ (Хонконг-Шэнжян) зэрэг улсуудад бүртгэгдэж, нэмэгдэх хандлагатай байна. Цаашдаа Хятадын өмнөд хэсгээс хойд хэсэг рүүгээ тархах эрсдэлтэй хэмээн мэдээллээ. Мөн ДЭМБ аюултай анхаарал татах хувилбар буюу халдварлах чадвар, хүндрэл, нас баралт өндөр хувилбар гарч ирэх нь цаг хугацааны асуудал гэж мэдээлсэн талаар болон улс орнууд ирэх өвөл томоохон давалгаа үүсэх магадлалтай гэж тооцон эрсдэлт бүлгийн иргэдээ нэмэлт вакцинд хамруулахаар төлөвлөж буй тухай мэдээлэл өглөө.
Манай улсын хувьд өнгөрсөн хоногийн байдлаар коронавирусийн халдвар авсан иргэн орон нутагт 17, нийслэлд 80 бүртгэгдсэн байна. Эрүүл мэндийн сайд мөн мэдээлэлдээ томуу төст вирус эргэлт буюу орчилд байгаа бөгөөд гурван аймагт дэгдэлт, зургаан аймаг идэвхжлийн түвшинд, нийслэлд алаг цоог дэгдэлтийн түвшинд байгааг мэдээллээ. Менингококкын нөхцөл байдлын тухайд он гарсаар нэг болон дөрвөн настай хоёр хүүхэд менингококкоор өвдсөн. 0-5 насны хүүхдүүд эрсдэлтэй ба шүлсээр, амьсгалын замаар халдварладаг. 1-5 дугаар саруудад дэгдэлт гарчээ.