Цахим мэдээллийн орчинд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг бусдаас 2 сая ам.доллар авч байгаад үйлдэл дээрээ баригдсан боловч АТГ шалгаагүй нуусан гэх мэдээлэл яваад гарч байгаа. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн IKON сайтад тайлбар өгчээ.
АТГ-ын эх сурвалж, Н.Тэмүүлэн УЕП-ыг шалгаж байгаа асуудал АТГ дээр байхгүй гэдгийг дурдаад хэрвээ хэн нэгэн этгээд гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа заавал явагдах ёстой.
АТГ-ын хувьд үйлдэл дээр нь бариад шалгахгүй орхисон, орхигдуулсан ямар ч асуудал байхгүй. Иргэд ямар нэгэн мэдээллийг авахдаа мэдээллийн эх сурвалжаа заавал нягталж байхыг сануулжээ.
Мөн ташаа мэдээлэл нь нийгэмд шүгэл үлээх бус эсрэгээрээ Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж болзошгүй нөхцөл байдал үүсгэдэг гэдгийг анхааруулжээ.