УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тендэрээр дамжуулж төсвийн хөрөнгөөс завшсан баримтуудыг өчигдөр сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар дэлгэж, түүнийг АТГ-т өгч шалгуулахаар өгч байгаагаа мэдэгдсэн.
Сэтгүүлч Ц.Анхзул: Сэтгүүлч С.Будрагчаа бид хоёр хамтран Увс аймагт түрүү долоо хоногт ажиллаж нэвтрүүлэг бэлдсэн. “Тендрээр дамжуулж төсвийг цөлмөгч” гэдэг нэвтрүүлэг хийсэн. Энэ нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийн сонгогдсон тойрог буюу Увс аймагт Монгол улсын бусад аймгуудаас хамгийн өндөр төсвийг тавиулж, төсвийнхөө мөрөөр өөрийн хамаарал бүхий хүмүүсийн компанид өндөр дүнтэй тендрийг олгуулж, дараа дараагийн жилүүдэд нь төсвийг нэмэн, төсвийн мөнгийг цөлмөж байгаа асуудлыг газар дээрээс нь бодит жишээнүүдийг үзүүлж нэвтрүүлэг бэлдсэн.
Үүнд: Увс аймагт улсын төсвөөр баригдаад, ашиглалтад орох хугацаа нь хэтэрсэн нийт 32 барилга, бүтээн байгуулалтын ажил байна. Энэ ажлууд дундаас хамгийн өндөр дүнтэй таван бүтээн байгуулалтын ажлаар нэвтрүүлэг бэлдэж ирсэн юм. Үүнээс та бүхний цаг завыг хэмнээд гурван барилга дээр ямар ямар холбоо хамаарал, хэчнээн төгрөгийн асуудал байгааг ярья. Энэ асуудлаар АТГ өргөдөл гаргах гэж байгаа юм.
Эхнийх нь “Дөрт-Уул” гэдэг компаний тендерт шалгарсан барилга байдаг. Увс аймгийн Улаангом буюу аймгийн төв дээр барьж байгаа “Ойрад Хөгжимт Драмын Театр”-ын барилга байна. Төсвийн 6.8 тэрбум төгрөгөөр барихаар “Дөрт-Уул” компани шалгарсан, 2020 оны 10 дугаар сард ашиглалтад орох ёстой байсан.
Ойрад Хөгжимт Драмын Театрынхан одоо хуучин барилгадаа үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа. Ашиглалтад орох хугацаа нь 2 жил хэтэрчихээд байхад 2022 оны төсөв дээр нэмээд 3.7 тэрбум төгрөг тавьж өгсөн. Анхнаасаа 6.8 тэрбум төгрөгөөр барьж чадна гэж саналаа өгөөд тендерт шалгарсан шүү дээ.
Гэтэл барилгаа барьж чадахгүй байна гээд нэмээд 3.7 тэрбумыг суулгуулчихаж байгаа юм. “Дөрт-Уул” компаний захирлаар Чулууны Дүгэрсүрэн гэж хүн ажилладаг. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай найз нөхдийн хамааралтай, сонгуулийн сурталчилгаанд орж ажилладаг гэж Увсын ард түмэн хэлж, гэрэл зургуудыг ирүүлж байсан.
3.7 тэрбум дээр яригдаж байгаа бас нэг асуудал нь төрийн болон төрийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ гүйцэтгүүлэх, худалдан авах үйл ажиллагаа явуулахад хуулийн дагуу анхны төсвийн 15%-иас хэтэрсэн тохиолдолд сонгон шалгаруулагчийг тодруулах ёстой юм байна. 6.8 тэрбум дээр 3.7 тэр бумыг нэмж байгаа нь 54 орчим хувиар нэмэгдэж байгаа юм.
Дахин сонгон шалгаруулалт хийж өөр компани орж ирэх ёстой байтал заавал “Дөрт-Уул”-аар бариул гээд байдаг. Соёлын сайд Ч.Номин Увс аймгийн Засаг Даргын Тамгын Газарт хоёр удаа энэ ажлыг “Дөрт-Уул”-аар хийлгэ гэдэг бичиг явуулаад байдаг. Хардаж болох нэг мэдээллийг хэлэхэд Номин сайдын аав Чинбат гэж хүн Увс аймагт давсны орд газрыг эзэмшдэгтэй холбоотой, нөлөөнд автах шалтгаан тэр байж болох юм гэж хардаж байна.
“Дөрт-Уул” компаний тухайд Увсад зарлагдсан өндөр дүнтэй тендер бүхнийг авдаг. Tender.gov.mn сайтад энэ мэдээлэл байгаа. “Дөрт-Уул” компаний захирал Ч.Дүгэрсүрэн УИХ-д Ч.Хүрэлбаатар нэр дэвшихэд хандив өгсөн баримт байгаа гэх мэт холбоо хамаарал байна.
2-3 сарын өмнө барилгачид маань Төрийн ордны гадаа барилгын материалын үнэ нэмэгдлээ, төсвөө нэмүүлье гээд жагсаж байсан шүү дээ. Засгийн газар хариуд нь та бүхэн хугацаандаа энэ мөнгөөр ашиглалтад оруулж чадна гэж авсан бол хугацаандаа л өг гэж хэлээд явуулдаг. Гэтэл Ч.Хүрэлбаатар гишүүний хамаарал бүхий хүмүүс төсвөө нэмүүлээд, 15%-иас нь хэтэрчихээд байхад яагаад хууль хэрэгждэггүй юм бэ?
Хоёрдахь асуудал нь Чандманий зам. Увс аймгийн Улаангом хотын нэгдүгээр багт 2.8 км урттай, хатуу хучилттай авто зам барих тендер зарлагдсан. 1.9 тэрбум төгрөгийн өртөгтэй. Яг энэ дүнгээр нь “МАЗ” гэдэг компани шалгарсан захирал нь Гансүх гэдэг хүн ажилладаг.
С.Будрагчаа: Бид хоёр газар дээр нь очиж үзлээ. Доод суурь шороогоо цутгаад, замын хоёр талын хөвөөг барьж, хэдэн гэрлийн шон зоогоод орхичихсон байна. Бодит гүйцэтгэл нь 40% гэж аймгийн ИТХ-ын дарга Батболд хэлж байсан. Гэтэл бодит гүйцэтгэл нь 40% байхад төсвийн 92%-ийг нь олгочихсон байсан. Тендерт шалгарсан компаниуд тухайн замын 30%-ийг гүйцэтгээд 30%-иа авдаг, 70%-иа гүйцэтгээд 70%-иа авдаг байтал энэ компани яагаад 92%-ийн гүйцэтгэл авчихаа вэ гэдэг асуудал гарч ирсэн.
Тэр баримтыг хөөгөөд, холбогдох бүх албан тушаалтнуудтай уулзахад хуучин Увс аймгийн Засаг даргаар ажиллаж басйан Батсайхан, Төрийн сангийн хэлтсийн дарга Эрдэнэсүрэн, тухайн ажилд хяналт тавьж ажиллах ёстой Хот тохижилтын газрын холбогдох албан тушаалтнууд хуурамчаар 92 гэсэн гүйцэтгэлийн төлөвлөгөө гаргаж өгөөд явчихсан. Нутгийн иргэдтэй уулзахад “Энэ зам үнэхээр хэцүү байна.
Дээгүүр нь хатуу асфальтаар хучаагүй учраас зам дагуу байгаа айлууд цагаан шороонд дарагддаг. Компани нь дампуурсан, тоног төхөөрөмж муутай, мөнгөө аваад явчихсан юм гэнэ билээ.” гэж ярьж байгаа. МАЗ компаний Гансүх захирал “Би зөвхөн компаний нэрээ өгсөн, миний өмнөөс өөр хүн очиж ажлыг нь хийсэн. Би мэдэхгүй” гэж хариулсан.
Гэтэл 40% шороо асгаад, 92%-ийн гүйцэтгэлийнхээ мөнгийг авсан Гансүх захирал УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар 2020 оны сонгуульд нэр дэвших үеэр нь хандив өргөөд зогсож байдаг. Гол холбоо хамаарал нь Сангийн сайдаар ажиллаж байхдаа Увс аймагт 370 орчим тэрбум буюу Монгол улсын бүх аймгуудаас хамгийн өндөр төсвийг нь авч байсан юм байна.
Өндөр дүнтэй тендрүүдийг өөрийн хамаарал бүхий хүмүүст өгчихөөд сонгуульдаа хандив байдлаар шан харамжаа авдаг. Энэ үйлдлийг нь АТГ шалгах ёстой, хуульд заасан хариуцлагыг нь тооцох ёстой. Увсын ард түмэн хэдийгээр бүтээн байгуулалт явагдаж байгаад баярладаг боловч 4-5 жил болчихоод байхад сарзгар “рам” байгаад байдаг. Төсвийг нь дахиад дор хаяж 50% нэмэхгүй бол энэ ажил явахгүй гээд гэдийчихдэг. Улсын төсөв чинь уйлдаг юм шүү.
Сэтгүүлч Ц.Анхзул: Гурав дахь барилга нь Увс аймгийн Улаангом Политехникийн коллежид 1200 оюутан суралцдаг. Тэдний 600-700 орчим оюутан сумдаас ирж суралцдаг. Энэ оюутнууд аймгийн төвд дотуур байранд байх хүсэлтэй. Гэвч дотуур байр байхгүй учраас хамаатан садан, нутгийн хүнийдээ тавиул байдлаар байдаг юм байна.
Тиймээс Улаангомд 300 хүүхдийн дотуур байр барихаар 2019 оны 10 дугаар сард барилгын ажил эхэлсэн. Энэ тендерт “Амарсанаа” гэж барилгын компани шалгарсан. Компаний захирлаар Барсүрэн гэж хүн ажилладаг. Энэ хүн сүүлийн найман жил Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчөөр ажиллаж байгаа.
ИТХ-ын төлөөлөгч хүн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний болохгүй байгаа асуудлыг төрд хүргэх үүрэгтэй хүн. Гэтэл энэ хүний өөрийнх нь эзэмшлийн компани 300 оюутны дотуур байрыг барина гэж хэлээд төсвийн 4.5 тэрбум төгрөгөөс 3 тэрбумыг авчихсан хэр нь өнөөдрийн байдлаар сарзайсан “рам” босгочихсон, ашиглалтад ороогүй байгаа.
Барсүрэн төлөөлөгчийн компани 2016-2020 онд буюу УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажиллаж байх хугацаанд шалгарсан. Мөн нутгийн удирдлагууд, иргэдийн ярьж байгаагаар Ч.Хүрэлбаатар гишүүний орон нутаг дахь бүх ажлыг зохицуулдаг хүн гэж яригддаг. Энэ хүн мөнгө нэмж өгөхгүй бол ажлаа хийхгүй гэж ярьдаг. Одоогийн нутгийн удирдлагууд хуулийн байгууллагад хандахад “Та нар хэргийн оролцогч биш учраас боломжгүй” гэдэг хариулт өгдөг.
Энэ мэт 32 барилга, бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн 4 жилийн хугацаанд төсвийн мөнгөөр баригдаж эхэлсээд зогсчихсон хэмээн мэдэгдлээ.