Хоршоологчид, хүнсний ногоочдод хөнгөлөлттэй зээл олгож дэмжинэ
Энэ жил хоршооллыг дэмжихэд 20 тэрбум төгрөг, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлээр 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсөн. Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахаар зорьж байна. Энэ зорилтын хүрээнд анх удаа хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон. Мөн хүнсний ногооны ил талбайн 6 төрлийн таримал (саримс, сонгино, хоёр төрлийн манжин, лууван, байцаа)-ыг урамшуулалтай болгохоор ярилцаж байна.
Засгийн газар хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортын хараат байдлыг хязгаарлах чиглэл рүү эргэлтийн хөрөнгөөр, үнийн зөрүүнээс үүссэн урамшууллын бодлогоор буюу үр тарианы урамшуулалтай ижил нөхцөлөөр хүнсний ногоочдыг дэмжинэ.
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд 650 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлүүлсэн. Үүнээс ноолуур бэлтгэлийн зээлд 94.9 тэрбум, ноосны хөнгөлөлттэй зээлд 3.2 тэрбум, арьс ширний хөнгөлөлттэй зээлд 13.2 тэрбум, хаврын тариалалтын зээлд 43.3 тэрбум, махны нөөц бүрдүүлэхэд 97.6 тэрбум, улаан буудай, тосны ургамал худалдан авах зориулалтаар 42.4 тэрбум, малчдыг дэмжихэд 199.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон нь чухал ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо гэж дүгнэж байна.