Өнгөрсөн долоо хоногт Украины дайны бүсээс Хорватын нийслэл Загреб хотод ирж унасан байлдааны дрон бөмбөг тээвэрлэж явсныг Хорватын батлан хамгаалах яам Ням гарагт мэдээлжээ.
Зөвлөлтийн үеийн хийцтэй уг дрон Румын, Унгарын нутаг дээгүүр нисэж, Хорватын нутагт нэвтрээд Загреб дахь оюутны байрын гадна Пүрэв гарагийн орой унасан юм. Хүчтэй дэлбэрэлтийн улмаас зогсоолд байсан 40 орчим автомашин шатсан ч хүний амь үрэгдээгүй байна.
Ослын газарт шалгалт явуулахад тэсрэх бөмбөгний ул мөр олдсоныг Хорватын батлан хамгаалахын сайд Марио Банозич өчигдөр мэдээлжээ. Осолдсон дрон Орос, Украины аль талынх нь зэвсэг болохыг тогтоож чадаагүй байгааг тэр нэмж хэлсэн байна.
Хорватын албаныхан гишүүн орных нь нутаг дэвсгэрт байлдааны зэвсэг нэвтэрч, ноцтой осол гарч байхад хариу арга хэмжээ аваагүй, бэлтгэлгүй байсан NATO-г шүүмжилжээ. Хэрвээ дрон хөрш орнуудын нутагт нэвтэрснийг урьдчилж мэдэж чадсан бол ийм зүйл болохгүй байлаа” гэж Банозич ослын газарт сэтгүүлчидтэй уулзахдаа ярьсан байна.
NATO агаараас хамгаалах систем нь гаднын нисдэг биетийг мэдэрч, замыг нь хянаж байсныг сүүлд мэдээлжээ. Харин Хорватын тал үүнд эргэлзэж байгаагаа илэрхийлж байгаа. “Юу болсон талаар бид тайлбар шаардаж байна. Румын, Унгарын батлан хамгаалах яамд болсон хэрэг явдлыг шалгаж байгаа гэсэн. Бид тэднээс хариу хүлээж байна” гэж Банозич ярьжээ.
Загребт осолдсон дрон нь Зөвлөлтийн үеийн Ту-141 загварын нисгэгчгүй онгоц байсныг Хорватын тал тогтоосон байна. Уг техникийг Орос, Украины зэвсэгт хүчнүүд аль аль нь хэрэглэдэг ажээ.
ikon.mn
Эх сурвалж: Associated Press
1 comment
ЭНЭ НОВШ ШОРОНДОО САЙХАН ИДЭЭШИЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ, ТАРХИ УГААХ ЭЛДЭВ ЮМ САРААЧААД , ДУУЛААД , БАС ОРГООД УКРАИН ЯВЧИХ САНААТАЙ….