“Зеленский дайтахаа больж төвийг сахих хэрэгтэй” хэмээн Пентагоны зөвлөх Дуглас Макгрегор хатуу хэлжээ

2022-03-13 12:15

FOX BUSINESS сувагт өгсөн  Пентагоны зөвлөх, хурандаа Дуглас Макгрегорын ярилцлага олон нийтийн ФБ сүлжээний Saagii Saak хаягт орчуулагдан тавигдсан байгааг дамжуулан хүргэж байна. Хурандаа Дуглас Макгрегор “Зеленский дайтахаа больж төвийг сахих хэрэгтэй” хэмээн хатуухан хэлжээ.

Сурв: Путин цөмийн станц руу довтолж байна гэх юм, үүний цаана ямар стратеги байна вэ? Энгийн иргэдийг айлган сүрдүүлэх гэж тэр үү?

Дуглас: Путин харин ямар ч цөмийн станц юм уу цахилгаан сүлжээ рүү довтлохгүй байгаа. Усан хангамж гэх мэт иргэдийн өдөр тутмын хэрэглээний зүйлс рүү Путин довтлохгүй байгаа. Оросууд одоо харин хот суурин газрынхаа энгийн иргэдийн дунд орж нуугдсан цэргийнхэнтэй байлдаж байна. Украинчууд ямар ч агаарын дэмжлэггүй болсон болохоор тэгж байлдахаас өөр аргагүй. Украины цэргүүд Ойрх Дорнодод бидний харсан лалын террористууд шиг энгийн иргэдийнхээ ард нуугдаж байна. Лалын террористууд бас шууд байлдахаас зайлсхийн энгийн иргэдийнхээ ард нуугддаг байсан юм.

Сурв: Путин Украиныг Грозний шиг газартай тэгшлэх болов уу?

Дуглас: Үгүй. Тэгэхгүй. Харин ч ихэнх хот сууринг нь маш бага сүйтгэх тактик барьж байна. Бид Ирак руу хоёр удаа довтлохдоо ийм бага хохирол учруулж байгаагүй. Оросууд украины цэргийн хүчийг бүслээд, тэгээд устгах тактик баримталж байна. Ноён Зеленский бид түүнийг очоод аврах байх гэсэн хий хоосон зүйлд итгэн зайлшгүй ирж байгаа ирээдүйг олж харахгүй, бодит байдалтай эвлэрэхгүй байна. Бид очихгүй. Байден ерөнхийлөгч үүнийг маш тодорхой хэлсэн.

Сурв: Дайны төгсгөл харагдаж байна гэж та бодож байна уу?

Дуглас: Дайны энэ шат нь хэд хоног л үргэлжлэх байх. Эхний өдрүүдэд Оросын цэрэг дэндүү зөөлхөн байсан. Дахин арав хоноход байдал эрс өөрчлөгдөнө гэж бодож байна. Украины зүүн хэсэг нь Оросын гарт баттай орсон. Оросууд газар нутаг эзлэхээсээ илүү Украины цэргийн хүчийг устгахад гол анхаарлаа хандуулж байна.

Сурв: Ингэхэд та Зеленскийн байр сууринд шүүмжлэлтэй хандаж байгаа юм уу?

Дуглас: Зеленский бол хүүхэлдэй. Тэр хүн амаа шаардлагагүйгээр маш их эрсдэлд оруулсан. Үнэнийг хэлэхэд Украинчууд маш их худал ярьж байсан нь дайны эхний хэдэн өдөр л тодорхой болсон. Нисэх буудлаа эргүүлж чөлөөлж байна энэ тэр гэж ярьсан нь шал худал. Тийм зүйл болоогүй.

Сурв: Ард түмнийхээ төлөө зогсож байгаа Зеленский баатар биш гэж үү?

Дуглас: Үгүй, ямар ч баатарлаг зүйл байхгүй. Харин ч тэр байдлыг бодитоор харж чадахгүй байна. Украиныг төвийг сахиулах хэрэгтэй. Төвийг сахина гэдэг муу зүйл биш. Украин төвийг сахих нь бидэнд ч, Орост ч хэрэгтэй. Гэтэл тэр ингээд л зуураад бай, дайныг аль болох сунжруул гэсэн мессеж хаанаас ч юм бэ аваад байгаа бололтой. Зууралдаж сунжрах нь Украины ард түмэн, энгийн хүмүүсийн хувьд эмгэнэлтэй явдал.

Сурв: Би тантай үүн дээр санал нийлэхгүй байна. Гэхдээ байдал яаж эргэх нь вэ харъя. Баярлалаа хурандаа.

Эх сурвалж: FOX BUSINESS, Saagii Saak