Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр УИХ-ын даргад өргөн барьжээ. Төсөл санаачлагчид хуулийн төслийг:
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт, шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эергээр нөлөөлөх ач холбогдолтой хэмээн тайлбарласан байна.
Төслийн үйлчлэх хугацааг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байхаар зохицуулсан бөгөөд эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор 3 жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хэвийн хийхээр төсөлд тусгажээ.
Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэхээр тусгасан аж.