Хотын хойд хэсгийг эзлэн байдаг Далан давхарын оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох тухай шийд гарсан ч өнөөг хүртэл хэвээрээ байгаа. Харин өнөө хавраас газрыг хэсэгчлэн чөлөөлж “Нью Семетри” компани өөрийн хөрөнгөөр хэсэгчилж дурсгалын цэцэрлэгт хүрээлэн барихаар ажлаа эхэлж байна. Тус компанийн захирал М.Мөнхзаяатай ярилцлаа.
-Нийслэл хотын хоймрыг цэгцлэх үүднээс олон жил яригдсан Самбалхүндэв оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлж цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл бодит ажил болох төлөвтэй. Танай байгууллага голлон зохион байгуулж байгаа гэв үү?
-Далан давхар буюу Самбалхүндэв оршуулгын газар нь нийслэлийн хэмжээнд албан ёсоор хамгийн анх нээгдээд, хамгийн анх хаагдсан газруудын нэг байдаг. Анх 1930 онд оршуулах үйл ажиллагаа эхэлж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаагдсан байдаг, мөн Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоолд нийт 73,9 га талбайтай, нөөцгүй гэж тусгасан байдаг.
2015 онд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хийсэн тооллогоор 47,3мянган шарил байгаагийн 33,1 хувь буюу 15,6 мянга нь эвдэрч муудсан, ухагдаж, тоногдсон байдалтай байсан бол 2021 оны тооллогоор нэр нь тодорхойгүй булш, бунханы хэмжээ 20 орчим хувиар нэмэгдэж 52,1 хувь болсон байна.
Монгол Улсын Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт тус оршуулгын газарт Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тусгагдсаны дагуу орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн боловч тодорхой шалтгаануудын улмаас хэрэгжээгүй өнөөг хүрсэн. Гэтэл газарт оршуулсан хүний цогцос нь 20 гаруй төрлийн хорт хийг дэгдээж, цогцос дахь хорт бодисууд хөрсөнд нэвчиж, олон жилийн хугацаанд өвчин үүсгэх чадвараа хадгалж, амьсгал болон ахуйн замаар тархаадаг нь байгаль экологи, хүн амын эрүүл ахуй, амьдрах орчинд аюул учруулж байгаагаас гадна уламжлалт ёс заншил, соёлд үл нийцэх бусад сөрөг үр дагавруудыг үүсгэсээр байдаг. Тухайлбал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны зургадугаар сард нийслэлийн иргэдийн махны хэрэгцээний 80-90 хувийг хангаж буй “Хүчит шонхор” захын эрүүл ахуй, халдвар хамгааллын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын хүрээнд түүврийн аргаар 80 арчдас авч, шинжилснээс 77,5 хувь буюу 62 арчдаст “Enterbacterspp”, “Esherichia coli” гэх халдварт өвчин үүсгэгч нян илэрсэн байх ба оршуулгын газартай хил залгаа, салхины дор байршиж, ил задгай махны худалдаа эрхэлж байгаа нь нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байна гэж дүгнэсэн байдаг. “Нью Семетри” компанийн хувьд далд оршуулгын үйлчилгээг өөрийн орны уламжлалт зан үйл, олон улсын жишигт нийцүүлэн үзүүлэх зорилгоор 2006 онд байгуулагдсан, үйл ажиллагаандаа Байгаль орчны аюулгүй байдал, чанарын удирдлагын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын олон улсын стандартыг цогцоор хэрэгжүүлсэн далд оршоох үйлчилгээний цорын ганц компани болохыг онцолмоор байна.
Бидний хувьд одсон болон одоо үлдэж байгаа, цаашлаад үр хойчид нь амар амгалан, тэгш сайхан байхын тухайдад бүх үйлчилгээндээ сэтгэл шингээж оршуулгын үйлчилгээнд шинэ жишгийг тогтоосоор ирсэн. Энэ ч утгаараа энэхүү төслийг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх болсон хэд хэдэн шалтгаан байна.
Нэгдүгээр, монголчууд бидний хувьд эрт дээр үеэсээ эжий, аав, өвгөдөө ариун дагшин, тухтай, сайхан газар нутаглуулж, хүндэтгэх нь алс ирээдүйдээ зөв сайхан явахын эхлэл гэж үзэж ирсэн. Гэтэл өнөөдөр энэ сайхан өв уламжлалаа гээгдүүлж, оршуулгын газар нь эмх замбараагүй, булш, бунхан эвдэрч, сүйдсэн, хаягдсан байдалтай болсон.
Хоёрдугаарт, Суурьшлын бүсэд оршуулгын газар байгаа нь бидний болоод ирээдүйн хойч үеийн маань эрүүл аюулгүй орчинд амьдрахад ноцтой хохирол учруулах болсон.
Гуравдугаарт, Нийслэлийг тойрсон оршуулгын газар нь хот хөгжих, тэлэх боломжийг хязгаарлаж байна.
Иймд бид нэн түрүүнд нийгмийн хариуцлагын хүрээнд олон улсын туршлага, жишигт нийцүүлэн хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, салбарын хөгжлийг тэтгэх, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, оршуулгын үйл ажиллагаатай холбогдолтой олон асуудлыг нэгдсэн цогц байдлаар шийдвэрлэх зорилгоор энэхүү төслийг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх ажлыг санаачлан эхлүүлээд байна.
Эцэст нь олон жил нийгмийн хүлээлт үүсгэсэн, багагүй зориг шаардсан энэхүү онцлог төслийг хамтран хэрэгжүүлэх санаачилга гарган, бүхий л талаар дэмжин ажиллаж буй одоогийн хотын удирдлагад талархаж байна.
-Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн албатай хамтран иргэдийн дунд судалгаа явуулсан гэсэн. Ямар дүн гарсан бэ?
-Өнгөрсөн хугацаанд бид төслийн үе шат бүрт олон нийтийн хандлагыг тодорхойлох нээлттэй судалгааг явуулсан. Хамгийн эхэнд төслийн санал гаргахын өмнө төслийг дэмжих эсэх санал асуулгыг www.ikon.mnсайтаар, тухайн газрын оршин суугчдаас цаасаар авсан ба судалгаанд нийт 3340 хүн хамрагдсанаас 94,2 хувь нь дэмжсэн. Мөн 2022 оны 1 дүгээр сараас төслийн талаарх мэдээллийг хүргэх явцад дахин судалгаагаа явуулахад 99 хувь нь дэмжсэн байдалтай байна. Цаг үеэ олсон, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр хүлээгдэж байгаа төсөл болов уу гэж харж байна.
-Оршуулгын нүүлгэн шилжүүлэлт гэдгийг яг юу гэж ойлгох вэ. Өөр газар дахин байрлуулах уу, нийлүүлээд суварга босгох уу?
-Энэхүү төсөл нь өөрөө эмзэг асуудлыг хөндсөн, онцгой үйл явц учраас нэгдүгээрт, шашны зан үйл, ёс заншлын хувьд шарилыг нүүлгэн шилжүүлэх боломжтой эсэх, хоёрдугаарт, нийгмийн сэтгэл зүй, хандлага, хот төлөвлөлт, гуравдугаарт, олон жилийн суурин соёл бүхий орнуудын туршлага гэсэн үндсэн гурван чиглэлийн судалгаа хийсэн. Товчхондоо, шашны зан үйл, ёс заншлын хувьд харшлах зүйлгүй, талийгаачид болон үлдсэн ар гэрт нь шашны зан үйлийг гүйцээх, тэдгээрт үзүүлж буй том хүндэтгэл, буян болно гэж, нийгэм, олон нийтийн хувьд айдас хүйдэсгүй болж, амьдрах нөхцөл сайжирна гэж үзэж байсан. Харин олон улсын хэмжээнд, томоохон мега хотуудад тулгамдаж байгаа асуудлын нэг нь оршуулгын газрын тэлэлт, хуучин оршуулгын газар байх ба хуучин оршуулгын газрын багахан хэсгийг соёлын дурсгалд хамааруулж, арчлал хамгаалалтыг төр хариуцдаг, дийлэнх хэсгийг дахин төлөвлөлтөд оруулж, нүүлгэн шилжүүлэх замаар зориулалтыг өөрчлөх, цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчилдөг олон туршлага байдаг.
Манай төслийн хувьд 10 га талбайд байгаа нийт 11 мянган бурхан болоочийн шарилыг уламжлал зан заншлын дагууолон улсад мөрдөгдөж байгаа стандарт, хэм хэмжээнд гаргаж, чандарлаад чандрыг шүтээн хэлбэрт болгоод шинээр байгуулагдах Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсөнд болон суварганд залж мөнхжүүлэх юм. Мөн тухайн талийгаачийн ар гэрийн хүсэлтийн дагуу төрсөн нутаг руу болон бусад оршуулгын газар луу нүүлгэн шилжүүлэх бүрэн боломжтой.
-Өмнө нь танайх бас ийм нүүлгэн шилжүүлэлт хийж байсан байх аа…
-2018 онд нийт 26 мянган өрх айлыг цахилгаанаар хангах төслийн хүрээнд эрчим хүчний дэд станц барих зориулалтаар тус оршуулгын газрын 1.5 га талбай дахь 906 бурхан болоочийг холбогдох зан үйлийг гүйцэтгэн нүүлгэн шилжүүлж, суварганд шүтээнийг залсан. Мөн хот орчим дахь оршуулгын газруудыг цэгцлэх хүрээнд 2020-2021 онд нээлттэй уралдаант шалгаруулалтын үндсэн дээр дөрвөн байршилд зөвшөөрөлгүй газарт оршуулсан нийт 206 шарилыг нүүлгэн шилжүүлж, газрыг бүрэн чөлөөлж, нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна.
-Мэдээж, нүүлгэн шилжүүлэлтийн үеэр гүйцэтгэх шашны зан үйл байх уу?
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санаачилгаар 2022 оны 2 дугаар сард “Оршуулгын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, оршуулгын зан үйл болон нийгмийн сэтгэл зүйд шашны байгууллагын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Гандантэгчинлэн хийд болон Монголын бурханы шашны хийдүүдийн тэргүүн нарыг хамруулан зохион байгуулсан. Энэ үеэр төслийг бүхэлд нь дэмжиж, Гандантэгчинлэн хийдийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дор төслийн талбай дахь шарилыг нүүлгэн шилжүүлэх явцад үйлдэх шашны зан үйл, шүнг хэлэлцүүлж, нэгдсэн аргачлал гаргах, мөн тэргүүн ээлжинд номын багш нарын шарилыг шашны зан үйлийг бүрэн гүйцэтгэн гаргахаар тогтсон.Төрийн төдийгүй, шашны төлөөлөл анх удаагаа хувийн байгууллагын санаачлан, хэрэгжүүлж буй төслийг дэмжиж, хамтран ажиллах болсон нь манай төслийн ач холбогдол, цар хүрээ, онцлогийг илтгэсэн онцлох үйл явдал гэж бид талархаж байгаа. Мөн нүүлгэн шилжүүлэлтийн явцад талбай дээр Баянхошууны хийдийн лам нар байнга ном хурна. Мөн хамтарч ажиллаж байгаа сүм, хийдүүд дээр хурал номыг хамтран даан хуруулах болсныг тэмдэглэх нь зүйтэй байх.
-10 га газрыг чөлөөлнө гэдэг нүсэр ажил. Төсвөөс хөрөнгө мөнгө зарцуулахгүй гэсэн мэдээлэл бий. Хэдий мөнхөлнө. Энэхүү шарилыг нүүлгэн шилжүүлэх, цэцэрлэгт хүрээлэн байгуулахад урьдчилсан байдлаар нийт 17,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.
Мөн нас баралттай холбоотой тулгамдаж буй асуудлын нэг болох олон улсын стандартад нийцсэн эрүүл ахуйн болон бусад шаардлага хангасан цогцос хадгалах байрны хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэх хүрээнд 1 га хүртэл талбайг цогцос хадгалах байрны зориулалтаар чөлөөлж, Шүүх, эрдэм шинжилгээний хүрээлэнд хүлээлгэн өгнө.
Оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төвийн тухайд иргэдэд оршуулгын үйл ажиллагааатай холбоотой төрийн болон хувийн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, салбарт хэрэгжиж буй төрийн бодлого, чиглэлийг таниулах, бодит мэдээллээр танхим, иргэдэд хууль зүйн болон сэтгэл заслын үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх болон ар гэрт эмгэнэл илэрхийлэх боломжийг хангах танхим, мөн гадна талбайд уламжлал, ёс заншилд нийцсэн олон нийтийг хамруулах боломж, нөхцөлийг хангасан задгай талбайн үдэх ёслолын өргөө зэрэг байхаартөлөвлөж байгаа ба өнөөдрийн байдлаар энэхүү бүтээн байгуулалтын зураг төслийн ажил эцэслэгдээгүй байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулалтын дүнг тодорхой хэлэх боломжгүй байна.
-Оршуулгын газруудад талийгаачдаа эргэж олоход хүндрэлтэй байдаг. 10 га газарт оршуулсан талийгаачдын нэгдсэн бүртгэл гаргасан уу. Ар гэрийнхний зүгээс ирж байгаа санал хүсэлт нь юу байгаа бол…
-Бидэнд өнөөдрийн байдлаар тулгамдаж байгаа асуудал бол бурхан болоочийн ар гэрийг олж тогтоох явдал. Учир юунд вэ гэхээр холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэний бүртгэл нас барсны гэрчилгээ олгосноор дуусгавар болдог. Энэ нь бурхан болоочийг хэзээ, хаана, хэн, хэрхэн оршуулсан албан ёсны мэдээлэл байдаггүй. Иймээс бид аль болох олон нийтэд мэдээлэх, ар гэрийнхнийг олж тогтоох тал дээр илүү ач
холбогдол өгч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 10 га талбайд биечлэн тооллогыг хийсэн ба 11000 талийгаач байгаагаас мэдээлэл тодорхой 5291 булш, бунханы зураг бүхий www.sambalkhundev.mn сайтад цахим мэдээллийн сан үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, ар гэрийн хувьд хайлтын системд талийгаачийн нэр, төрсөн болон нас барсан оныг оруулснаар тухайн мэдээлэл бүхий булш, бунханы зургийг тулгаж мөн эсэхийг тодорхойлох боломжийг бүрдүүлсэн. Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай www.sambalkhundev.mn сайтад хандахаас гадна 7210-0101 утсаар холбогдох боломжтой. Төслийн мэдээллийг олон нийтэд хүргэж эхэлснээс хойш нийт 4 мянга гаруй хүн вэб сайтаас мэдээлэл авсан байна. Мөн Утсаар 1400 орчим ар гэрийнхэн холбогдож тухайн бурхан болооч төслийн байршилд хамрагдсан эсэхийг тодруулж лавлахын зэрэгцээ төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авсан. Төслийн талбайд байгаа 170 орчим талийгаачийн ар гэр нь тодорхой болсон. Бидэнтэй холбогдсон ар гэрийнхэн төслийг маш нааштай хүлээн авч байгаа хандлага байна. Бурхан болоочоо эргэж тойрмоор байдаг. Байрлалыг нь олж чадахгүй бэрхшээл байсан. Харин та бүхний төслийн үр дүнд бид оллоо. Цэгцтэй хүндэтгэлтэй орчинд бурхан болоочоо залах нь ээ гэж баярласан талархсан сэтгэгдлүүд олонхи нь байна. Мөн эсрэгээрээ бухимдал үүсгэж байгаа гол асуудал юу байна вэ гэвэл төсөлд хамрагдаагүй ар гэрийнхний хувьд нийтээр нь 73 га газраар нь чөлөөлөгдөхгүй байгаатай холбоотой санал хүсэлт давамгайлж байна.
Бидний хувьд,энэхүү төсөл нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишиг тогтоох, цаашлаад Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгасны дагуу тус оршуулгын газрыг бүхэлд нь Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох ажлын эхлэл гэж харж хүндэтгэлтэй, хариуцлагатайгаар хичээн ажиллаж байна.
-Таньд нэмж хэлэх зүйл байна уу?
-Бид төслийг бүхий л талаар нээлттэй байх зарчим баримталж байна. Энэ нь талийгаачийн ар гэрийн хувьд төслийн талаарх санал, хүсэлтээ илэрхийлэх, өөрийн талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд биечлэн оролцохоос гадна зан үйл шашны хувьд нээлттэй, мөн төрийн эрх бүхий байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын зүгээс төслийн бүхий л шатанд оролцох, хамтран ажиллах, цаашлаад хяналт тавих боломжийг нээх зорилгоор шарилын хөдөлгөөнийг зайнаас хянах тусгай программ захиалан хийлгэх, нүүлгэн шилжүүлэлтийн явцыг баримтжуулах бичлэг чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Д.АРИУН
1 comment
Хошного