Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зохион байгуулах бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцан “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хэрэгжилт, цаашид анхаарах асуудлаар үүрэг, чиглэл өгөхөөр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж, ХХААХҮЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ЕТГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Батцэцэг болон бусад албаныхан Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Тус аймаг 2020-2024 онд Хот орчмын ойжуулалтыг өргөтгөх замаар төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, өмнөх жилүүдэд байгуулагдсан цэцэрлэгжүүлсэн талбайн чанар, иж бүрдэл, өнгө төрхийг сайжруулах, Арвайхээр хотын ногоон байгууламжийн хэмжээг 50 хувь нэмэгдүүлэхээр зорьжээ.
Зөвлөгөөний нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж үг хэлэхдээ: Өвөрхангай аймгийн хувьд ойн сан нь нийт нутаг дэвсгэрийн 4,7 орчим хувийг эзэлдэг бөгөөд шилмүүст болон заган ойтой.
Жилд дунджаар 150 мянга гаруй ойн суулгац бэлтгэн гаргаж байгаа нь аймгийн зүгээс амлалт авсан 20 сая мод тарих ажлыг бодитой болгох, агро-ойн шинэлэг шийдлүүд, туршлагуудыг нутагшуулах, залуу үеийг түлхүү оролцуулах, тэдний ирээдүйг хамтдаа бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Түүнчлэн Өвөрхангай аймагт Бүгд Найрамдах Солонгос Улсын санхүүжилтээр “Ногоон хэрэм” төслийн 3 дугаар үе шатыг хэрэгжүүлэх болсон нь тус улсын тэргүүлэх туршлагыг нэвтрүүлэх, санхүүгийн дэмжлэг авах бүрэн боломж байгааг тодотгон хэлээд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх ажилд амжилт хүслээ.
Өвөрхангай аймаг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс орон даяар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр төлөвлөхдөө 2030 он хүртэл 20 сая мод тарихаар тооцсон. Ингэхдээ,бэлтгэл ажлыг эрчимжүүлэх,тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлж, Арвайхээр сум-1.5 сая, Хархорин сум 1.5 сая, 17 сум тус бүр 1 саяаас доошгүй мод тарихаар төлөвлөжээ. Дээрх төлөвлөгөөг хангахын тулд тарьц, суулгацын нөөцөд тулгуурлаж зохион байгуулах юм.
Tус аймагт одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын 11 мод үржүүлгийн газарт 15 нэр төрлийн 327.0 мянга орчим тарьц суулгац ургаж байгаагаас 150 мянга орчим нь ойжуулалт цэцэрлэгжүүлэлтэд нийлүүлэх боломжтой 2-оос дээш настай тарьц суулгац байгаа юм.
Цаашид 2022-2024 оны хооронд шинээр мод үржүүлгийн газар байгуулж, мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг өргөтгөх, улмаар Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан сумдад бүсчилсэн том хэмжээний мод үржүүлгийн газар байгуулах аж.
Мөн тус аймаг 2020-2024 онд Хот орчмын ойжуулалтыг өргөтгөх замаар төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, өмнөх жилүүдэд байгуулагдсан цэцэрлэгжүүлсэн талбайн чанар, иж бүрдэл, өнгө төрхийг сайжруулах, Арвайхээр хотын ногоон байгууламжийн хэмжээг 50 хувь нэмэгдүүлэхээр зорьжээ. Үүнд төв, суурин газрын нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн, айл өрх, албан байгууллагуудын тарих мод хамаарна.
Ингэснээр төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээ 520 га талбайгаар нэмэгдэж нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 9-10 кв/м хүрэх боломжтой болох юм.