Д.ЖАРГАЛАН
Ерөнхийлөгчийн сонгуульд шинээр батлагдсан Үндсэн хуулийн дагуу ч, АН доторх үл дэмжлэгт ч шахуулан нэр дэвших боломжгүй болж, жил хүрэхгүй хугацааны өмнө улс төрчийн хувьд “тоглолт”-оо өндөрүүлсэн Х.Баттулга өчигдөр АН-ын даргад нэр дэвших хүсэлтээ өгсөн нь тус намынхны дунд шуугиан тарьж эхэллээ.
Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдоод АН-ын гишүүдийг барьж, хорьж олон нийтийн дунд намын нэр хүндийг унагаасан гэсэн бурууг тус намынхан Х.Баттулгад хаяглаж байсан бол 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө нэр дэвшигчдээ хоёр хуваан С.Эрдэнэ болон Ерөнхийлөгч Х.Баттулгын гэсэн хоёр жигүүрээс тодруулснаар энэ намын хуваагдал албан ёсоор эхэлсэн юм.
Сонгуульд АН-ыг амжилттай авч орж чадаагүй С.Эрдэнэ УИХ-ын сонгуулийн үр дүн гарсан өглөө мэдэгдэл хийж АН-ын эрх мэдлийг намын дүрмийн дагуу шилжүүлж байгаагаа зарласан ч өгөөгүй. Энэ нам одоо О.Цогтгэрэлийн болон М.Тулгатын гэсэн хоёр жигүүрт хуваагдаж, эцэстээ С.Эрдэнийн гэсэн гурван ч хэсэг АН-ыг төлөөлөн байр сууриа илэрхийлэх болсон билээ.
Өчигдөр О.Цогтгэрэлийн толгойлсон АН мэдэгдэл хийж, дөрөвдүгээр сард хийх гэж байгаа АН-ын Ээлжит бус их хурлын үеэр О.Цогтгэрэл АН-ын даргын сунгаад өрсөлдөхгүй хэмээн мэдэгдсэн ч ердөө хоёр цагийн дараа Х.Баттулга АН-ын даргын сунгаанд оролцохоор бүртгүүлсэн нь экс Ерөнхийлөгч АН-ыг авахаар бүрэн зэхсэн гэдгийг нотоллоо.
Бүтэн хоёр жил эв нэгдэлгүй, эрх мэдлийн төлөө улайрсан тэмцэл хийж байгаагаа нийгэмд харуулж, намын хурлаа ч тусдаа хийж, МоАХ-гоо ч хоёр салгаад амжсан АН эвлэрэх нь өнгөрчээ. Хөшигний ард сууж, О.Цогтгэрэлийн жигүүрийг “түлхүүрдэж” байсан Х.Баттулга АН-ын дарга болсноо зарлаж байгаа нь тус намд эвлэрлийн эхлэлийг тавих биш, хагарал бутралын цэгийг хатгасан үйл явдал болж байх шиг байна.
Сарниж, бутрах зам нь тодорхой болж байгаа тус намынхны харин хэн нь Ардчилсан нам гэдэг нэрийг зүүж үлдэх бол. Хэн нь улс төрийн намуудын жагсаалтын хоёрдугаарт бичигдэх намын нэрээ халааслах бол гэдэг л сонин болж үлдэв бололтой. УИХ-ын ээлжит сонгууль хүртэл хоёр жилийн хугацаа үлдэж байна. АН-ынханд нүүрлэсэн эрх мэдлийн өвчин эдгэрэхгүй бол энэ намд ирэх сонгуулийн босго “өндөрдөх”-өөр л харагдаж байна.