Вакцины зохистой менежмент нь улс орнуудад вакцины хангамжийн сүлжээг тасралтгүй сайжруулах замаар дархлаажуулалтын хамрах хүрээг нэмэгдүүлэх, хүний амь аврах чухал шаардлагатай вакциныг хүн амд хүргэх бэлэн байдлыг хангах, баталгаажуулах Дэлхийн хэмжээний (ДЭМБ) санаачилга юм.
EVM 2.0 буюу вакцины зохистой менежментийн цахимд суурилсан үнэлгээг 2021 оны 9-10 дугаар сард Монгол Улсад амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ ажлын үр дүнг өнөөдөр танилцуулав. Цахим сүлжээнд суурилсан хэлбэрээр үнэлгээг явуулах алхмыг ДЭМБ 2019 оноос бүрдүүлжээ. Энэхүү сайжруулсан цахим хэлбэр нь үндэсний вакцинжуулалтын гурван түвшний нэгж бүрийн үйл ажиллагааг асуумжийн дагуу нарийвчлан үнэлж, чухал мэдээллээр хангаж, дүн шинжилгээ, инноваци хийх боломжийг бүрдүүлдэг бөгөөд үүнийг EVM 2.0 гэж нэрлэдэг аж.
НҮБ-ын Хүүхдийн сангийн техник санхүүгийн тусламж, дэмжлэгтэй зохион байгуулсан энэ ажлын хүрээнд үнэлгээний менежерийн болон үнэлгээний мэргэжилтний сургалтыг өнгөрсөн 7-8 дугаар сард зохион байгуулсан байна.
Сургалтад ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны 11 мэргэжилтэн, үнэлгээний ажилтны сургалтад Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн дархлаажуулалт хариуцсан эмч, ажилтан 15 хүн цахим болон танхимын хэлбэрээр оролцож, суралцан, сургалтын төгсгөлд сертификат хүлээн авсан. Үнэлгээ хийх эрүүл мэндийн байгууллагуудыг ДЭМБ-ын аргачиллын дагуу санамсаргүй түүврийн аргаар сонгосон бөгөөд ХӨСҮТ, нийслэл, дүүрэг, өрх, аймаг, сумын дархлаажуулалтын нийлүүлэлтийн гинжин хэлхээний болон дарлаажуулалтын 56 нэгж, эрүүл мэндийн байгууллагыг хамруулан зохион байгуулжээ.
Энэхүү сургалт болон мэргэжил арга зүйн зөвлөгөөг НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Английн иргэн Терри Харт өгч ажилласан байна. Монгол Улсад хэрэгжиж буй вакцины зохистой менежментийг үнэлэх ажлын үр дүнд илрүүлсэн сул болон давуу талуудыг тусгасан цаашид тасралтгүй хөгжүүлэх төлөвлөгөөг гаргаснаа өнөөдөр хэлэлцүүлэн, ЭМЯ холбогдох байгууллагуудад танилцуулан, Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөр төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх аж.
Вакцины үр дүнтэй менежмент нь дархлаажуулалтын нийлүүлэлтийн гинжин хэлхээний (дНГХ) бүрэлдэхүүн хэсэг болох вакцин хүлээн авах, тээвэрлэх, хадгалах, түгээх үйл ажиллагааны давуу болон сул талыг үнэлэх замаар вакцины хангамжийн бэлэн байдлыг хангах арга хэрэгсэл юм. Вакцины зохистой менежмент нь улс орны дархлаажуулалтын төвийн (ХӨСҮТ), аймаг, нийслэл, дүүргийн, сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагуудын дархлаажуулалтын нэгжийн түвшний менежментийн чадавхийг бэхжүүлэх, шилдэг туршлагыг дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх дархлаажуулалтын мэргэжилтнүүдийг сургах, нэгтгэх, хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилготой.
Вакцины нийлүүлэлтийн сүлжээний технологи, систем, эрэлт хэрэгцээ жил ирэх тусам өөрчлөгдөхийн хэрээр вакцины зохистой менежментийн үнэлгээ нь цогц, тэгш хүртээмжтэй байдлыг хангах үүднээс цаг үедээ нийцүүлэн үйл ажиллагааны арга барилаа өөрчилж ирсэн байна. Анх 2009 онд ВЗМ 1.0 хэмээх санаачилга эхэлж дэлхийн 80 гаруй орны вакцины хангамжийн сүлжээг үнэлэх, сайжруулахад чиглэсэн асуулгад суурилсан үнэлгээ цаасан хэлбэртэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2015 онд ДЭМБ-ын техник санхүүгийн тусламжтайгаар Монгол Улсын нийслэл, дүүрэг, 21 аймгийн төлөөлөл 30 гаруй нэгжийг сонгон үнэлгээ хийж байжээ.