Коронавируст цар тахлын давалгаа намжихтай зэрэгцээд улирлын ханиад томуу, халдварт өвчин ихэсч, эмнэлгийн ачаалал эрс нэмэгджээ. Хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээнд энэ асуудал жинхэнэ сэдэв болон өрнөж байна. COVID-19 халдвар тархсан цагаас хойш Монгол Улсын хэмжээнд 467.482 хүн уг халдвараар өвчилж, эмнэлгүүд хамгийн дээд ачааллаар өвчтөн хүлээн авч байсан.
Гэвч энэ хавар дэгдсэн ханиад томуунд хүүхдүүд ихэвчлэн өртөн эмнэлгүүдэд хандаж эхэлсэн ч ачаалал нь ихэссэн эмнэлгүүдийн ор дүүрч, хүүхдүүд өвдөхөөр коридортоо гудас тавиад хүлээж авдаг Ковидын өмнөх нөхцөл байдал руугаа эргэн шилжжээ.
Өнөөдрийн байдлаар ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтэний эмгэг судлалын тасагт 51 хүүхэд хэвтэж байгаа, үүн дээр нэмээд 25 ор дэлгэх гэж байгааг эмнэлгийн эх сурвалжууд мэдээлсэн бол СХД-ийн Нэгдсэн эмнэлэг 200 ортой ч томуу, томуу төст өвчнөөр өвдсөн 346 хүүхэд хүлээн аваад байгаагаа мэдэгджээ.
Өчигдөр орой Эрүүл мэндийн яам бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэсэнийг зарлаж, эцэг эхчүүдэд халдвараас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулгыг өгөөд байгаа. Томуу болон менингит нийлээд ойрын үед нийгэмд хүүхэд, нялхасыг тойрсон, эрүүл мэндийн салбарыг хавсарсан асуудал босч ирэх бололтой. Гэвч ЭМЯ одоогийн байдлаар нэмэлт ямар зохицуулалт хийх вэ гэдгээ зарлаагүй байна.
Коронавирусын дэглэмийн үед ЭМЯ болон УОК төрөөс олон тэрбумыг цар тахлын эсрэг эмчилгээнд зарцуулсан. Үүнтэй холбоотой шийдвэрүүд УИХ, Засгийн газар дээр шуурхай шийдэгдэж байсан. Тэгвэл яг одоо хүүхэд, нялхасын өртөж байгаа томуу, менингит өвчинд анхаарал хандуулж, ядахдаа эмнэлгийн ор, эм тарианы нөөцийг бүрдүүлмээр болсон юм биш үү!