УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган хуулийн дагуу гуравдугаар сарын 15 буюу ирэх Мягмар гаригт нээлтээ хийнэ. Энэ удаагийн хаврын чуулганаар Монголын улс төрд реформ хийх томоохон хуулийн төслүүд хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг өмнө нь тогтоосон. Одоо намрын чуулганаар хэлэлцэж байгаад үлдсэн Нийгмийн даатгалын тухай, Боловсролын тухай багц хуулийн төсөл зэрэг томоохон хуулиудыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Энэ удаагийн хаврын чуулганаар Жагсаал цуглааны журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг олон жил яригдсан хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Ингэхдээ Зөрчлийн тухай хуулийг зөөлрүүлж, торгодог айлгадаг байдлыг засна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн. Тэрбээр “Өнгөрсөн таван жилийн хугацаанд хэрэгжсэн хуулийг эргэн хараад шинэчилсэн найруулга хэлбэрээр оруулах нь зөв гэж үзсэн.
Анх 2017 онд Зөрчлийн тухай хуульд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 240 гаруй хуулийн хариуцлагатай холбоотой хэсгийг аваад нэгтгэсэн. Ингээд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Бид Зөрчлийн хуулийг торгодог, шийтгэдэг хууль гэж ойлгодог. Харин энэхүү өөрчлөлтөөр төрийн шалган туслах чиг үүргийг тодорхой болгож байна. Хоёрдугаарт, Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийг Зөрчлийн хуультайгаа уялдуулж байна. Зөрчил шалгадаг эрх бүхий 11 мянган албан тушаалтан Зөрчлийн хэргийн дугаар авахдаа прокурорын байгууллагад ханддаг байсныг цахимаар авдаг болох томоохон өөрчлөлт оруулж байна. Шүүхээр шийдвэрлүүлдэг Зөрчлийн хэргийг эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлүүлдэг болох өөрчлөлтийг тусгасан” гэв.