Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд хэрэгжсэн хуулийг эргэн хараад шинэчилсэн найруулга хэлбэрээр оруулах нь зөв гэж үзсэн.
Анх 2017 онд Зөрчлийн тухай хуульд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 240 гаруй хуулийн хариуцлагатай холбоотой хэсгийг аваад нэгтгэгдсэн. Ингээд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага үүссэн.
Бид Зөрчлийн хуулийг торгодог, шийтгэдэг хууль гэж ойлгодог. Харин энэхүү өөрчлөлтөөр төрийн шалган туслах чиг үүргийг тодорхой болгож байгаа. Хоёрдугаарт, Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийг Зөрчлийн хуультайгаа уялдуулж байгаа. Зөрчил шалгадаг эрх бүхий 11 мянган албан тушаалтан Зөрчлийн хэргийн дугаар авахдаа прокурорын байгууллагад ханддаг байсныг цахимаар авдаг болох томоохон өөрчлөлт оруулж байна.
Мөн шүүхээр шийдвэрлүүлдэг Зөрчлийн хэргийг эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлүүлдэг болох өөрчлөлтийг тусгасан байна.