Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөс өрсөн С.Эрдэнийн толгойлдог АН амь орж, ээлжит бус Их хурал дээрээ нэмээд МоАХ-ны Их хурлыг зарлан хуралдуулсан байгаа. Хэвлэл мэдээллийн хуудсаар дүүрэн Ерөнхийлөгч асан Х.Баттулга шиг муу хүн байхгүй, Украины ард түмэнтэй эв санаа нэгтэй байгаа хэмээн ярьсан С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарын нэгдэлд олон нийт дургүйцэлтэй хандаж “АН эхлээд дотоод маргаанаа шийд, намын чинь хувь заяа улам бүр бүрхэг болж байна” хэмээн зөвлөсөн ч улс төр, эрх мэдлийн халууралд автсан улс төрчид огтхон ч мэдэрсэнгүй.
Нэмээд МоАХ-ын даргаар жагсагч Д.Монголхүүг томилон, МоАХ-ыг дотор нь хоёр тусгаарлаж авлаа. Тэгвэл өнөөдөр АН-ын гишүүн, БСШУ-ны сайдаар ажиллаж байсан Лу.Гантөмөр Өдрийн сонинд ярилцлага өгч Ардчилсан намын хагарал, бутралыг дахин дэвэргээд авчээ.
Лу.Гантөмөр тус намын С.Эрдэнийн толгойлдог хэсгийн эсрэг талд, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн манлайлж байгаа хэсэгт багтаж байгаа бололтой. Тэрбээр сонинд өгсөн ярилцлагадаа:
Лу.Гантөмөр: Манай нам хоёр хуваагдсан зүйл байхгүй. Хуваагдал, маргаантай асуудал зөвхөн намын удирдлагуудад бий. Түүнээс биш Ардчилсан намын гишүүд хоёр хуваагдчихсан зүйл байхгүй гэдгийг энд дахин хариуцлагатай хэлье ээ. Манай нам 200 мянган гишүүнтэй. Эдгээр гишүүдийг төлөөлж байгаа хүмүүсээс маргаж байгаа нь гарын арван хуруунд багтах цөөн хүн бий. Дээд тал нь 20 гэж бодъё. 200 мянган хүний өмнөөс 20 хүн зодолдоод байж болохгүй.
Болж өнгөрсөн ээлжит бус Их хурал бол хууль бус зүйлийг хууль бус л гэж хэлнэ. Учир нь намын жинхэнэ гишүүд тэр хуралд оролцоогүй. АН-ын Үндэсний бодлогын хороо ээлжит бус хурлаа хийж намын ээлжит бус Их хурал ирэх сарын 7-ны өдөр болохоор тогтлоо.
Ирэх сард Их хурлаа хийгээд намын даргаа сонгож, батламжлаад материалаа Дээд шүүхэд өгнө. Ардчилсан нам асуудлаа хууль, дүрмийнхээ хүрээнд шийдвэрлээд өгч байхад хүлээж авахгүй гэвэл асуудал бидэнд биш, Дээд шүүхэд байна л гэж харна даа. Сая Үндэсний бодлогын хорооны гишүүд хэлж байна. Биднийг дахин хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, тэмцэх болно гэнэ. Үнэхээр бид тэмцэнэ. Монгол орон даяар АН-ын гишүүд дэмжигчид цуглаж, үнэхээр болохгүй байгаа зүйлийн эсрэг зоригтой тэмцлийг эхлүүлнэ хэмээн мэдэгджээ.