Гаалийн ерөнхий газар Гадаад худалдааны 2022 оны эхний 2 сарын гүйцэтгэлийг экспортын 17010, импортын 37442 гаалийн мэдүүлгийн тайлангаа ил гаргалаа. Тайлангийн хугацаанд нээгдэж ажилласан түр боомтоор нэвтрүүлсэн экспортын 1717 мэдүүлэг иржээ.
2022 оны эхний 2 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 2217.9 сая ам.доллар болж 2021 оны мөн үеэс 38.9 сая ам.доллар буюу 1.7 хувиар буурчээ. Экспортын дүн импортын дүнгээс 142.5 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.
Экспортод 1180.2 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.6 хувиар буурсан байна. Экспортод нийлүүлсэн барааны 99.4 хувийг
валютын төлбөртэй худалдаа эзэлжээ.
Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 849.9 сая ам.доллар буюу 72.0 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 259.1 сая ам.доллар буюу 22.0
хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 52.0 сая ам. доллар буюу 4.4 хувь; үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 7.3 сая ам.доллар буюу 0.6 хувийг тус тус эзэлж
эдгээр нь нийт экспортын дүнгийн 99.0 хувийг эзэлж байгаа аж.
2022 оны эхний 2 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100.0 хувь, чулуун нүүрсний 93.1 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 100.0 хувь, самнасан ноолуурын 88.0 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 73.5 хувийг эзлэж байна.
Монгол Улс дэлхийн 45 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 73.0 хувь, Швейцар-т 21.9 хувь, Сингапур-т 1.3 хувь тус тус ногдож нийт экспортын 96.3 хувийг дээрх орнуудад ногджээ.