Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмч Б.Болдсайхан ходоодны өвчлөлийн талаарх иргэдийн ирүүлсэн асуултад хариулж, зөвлөгөө өглөө.
-Ходоодон дээр дарахад маш өвчтэй байдаг. Хоёр жилийн өмнө ходоодны шархтай гэж хэлж байсан. Өнгөрсөн жил шохой ууж дурандуулахад суналттай байна гэсэн. Эмчилгээ ерөөсөө хийгээгүй байгаа. Одоо яах вэ?
-Хоёр жилийн өмнө шархтай байсан бол одоо шархтай байх үндэс байхгүй. Яагаад гэхээр шархыг орчин үед дөрвөн долоо хоногийн дотор бүрэн эдгээх эмчилгээ нэвтрээд удаж байгаа. Шарх ер нь их зовиуртай өвчин учраас удаан явж чадахгүй дээ. Тиймээс шархаа эмчлүүлээгүй гэдэгт итгэхгүй байна. Ер нь нэлээд тохиолдолд ходоодны шарх өөрөө ч эдгэдэг. Яг л гарын шалбархай өөрөө эдгэдэг шиг. Харин ходоод сунасан гэвэл өөр хэрэг. Ийм хүн эмийн үйлчилгээ хийлгээд зүгээр болно гэдэг хэцүү. Хоолны дэглэм сайн баримтлах ёстой. Гэнэт их идэж, ууж болохгүй. Хоёрдугаарт, энэ үед иогийн дасгалууд хамгийн сайн эмчилгээ болдог.
Тэгэхээр эмнэлгүүдэд буй иогийн нарийн мэргэжсэн эмчээр дасгал заалгаж туйлбартай, тэвчээртэй, удаан хугацаанд хийвэл гайгүй болно. Одоо хөндүүр байгаа бол дурандуулах хэрэгтэй. Ялангуяа ходоодны шархтай, тэгээд хоол идэхийн өмнө, хоол идсэний дараа ходоодон дээр дарахад өвдөж байгаа бол заавал үзүүлэх шаардлагатай. Шархаа эмчлүүлэхгүй яваад байвал маш олон хүндрэл гарна. Шарх томорно, хоол шингээж чадахгүй турж эцнэ, цус алдана, бөөлжинө хүндрэхээрээ ходоод цоорч болно, өөрөө эдгэрлээ гэхэд тэр газраа үрчийж хумигдаад нарийсал үүсгэж хүндэрнэ. Эмчлүүлэх ёстой л доо.
-Нүүр харлах нь дотор эрхтэн өвчилсний шинж мөн үү. Ялангуяа ходоодны өвчний үрэвслийн үед ийм шинж илэрдэг гэж үнэн үү?
-Заримдаа тийм заримдаа үгүй. Хөдөө гадаа ажилдаг хүмүүсийн тухайд бор арьстай хүн хаврын хавсаргад тэртээ тэргүй харалсан байгаа. Надаас өгсүүлээд л. Эмэгтэйчүүдийн хувьд сав, өндгөвчний үйл ажиллагаа, ялангуяа гормон бурсан байвал нүүр харлах, сэвх тогтох, үрчлээтэх, арьсны өнгө хатуу чанараа алдах гээд бүх өөрчлөлт гардаг. Тийм учраас сав, өндгөвчний үрэвсэл байгаа бол эмчлүүлээд, гормоны төвшинг тодорхойлуулаад, залуу хүн бол магадгүй жирэмслэлтийн эсрэг эм ууж нөхөөд, 45-аас дээш насны хүн бол гормон нөхөх эм уух хэрэгтэй. Ингэвэл нүүрний арьс цайрч ирнэ.
Ямарч гоо сайхны бүтээгдэхүүн арьсны гаднаас түрхэснээс хамаагүй илүү үр дүнтэй. Ер нь эмэгтэй хүнийн гоо сайхан бол хамгийн түрүүнд сав, өндгөвчнөөс их шалтгаалдаг болохоос биш гоё, үнэтэй бүтээгдэхүүн нүүрэндээтүрхсэнээс бараг шалтгаалдаггүй. Ходоодтой холбоотой байх тал бий. Ходоод муу байвал хүн хоол тэжээлээ сайн идэж чадахгүй, тэндээсээ хэрэгтэй аминхүчил, витамин, микроэлементүүд, өөх тос, уураг, гүүрс, саа авч чадахгүй. Үүнээс болж зөвхөн нүүр харлахаас гадна турдаг, эцдэг, ядардаг, сульддаг, арьс нь хүртэл улбагар, сулбагар, болдог. Монголчууд хүүхдийн төмсөгийг барьж үзээд бие нь ямар байгааг мэддэг. Түүн шиг том хүний чихний гэдсийг ч гэсэн барьж үзээд хатуу чанга байвал бие нь сайн байна, сулбайгаад унжсан байвал бие нь муу байна гэж хэлж болдог. Яг тэрүүн шиг зүрх судас ч бай, ходоодны өвчнөөс шалтгаалж арьс өнгөнөөс гадна бүх юм л муу байна. Тэгэхээр энэ асуулт дээр ийм л хариулт өгч чадах нь?
-Ходоодонд ургацаг байна гэдэг ноцтой юу. Аав маань 57 настай. Дурандуулахад ургацагтай байна гэсэн. Үзсэн эмч нь яаралтай авхуулахгүй бол хавдар, улмаар хорт хавдар ч болж магадгүй гэж айлгасан байна. Чацарганы тосыг уувал нөлөөлөх үү?
-Энэ бол ноцтой. Яагаад гэвэл бүдүүн гэдсэнд ургацаг байна гэдэг нь хавдар болох магадлал маш өндөр . Тэгэх тусмаа ходоод шиг хүчиллэг орчинд байгаа ургацаг бол ноцтой. Тийм ургацагийг дурангаар авчихаж болдог. Тэр нь ямар ч хүндрэл байхгүй. Түүнээс биш чацарганын тос уугаад, цагаан ямааны юм уу, ногоон үхрийн сүү угаад зүгээр болохгүй. Авахуулсан нь хамаагүй эрсдэл багатай, аюулгүй.
-Ходоодны хүчил ихтэй хүн ямар эмчилгээ, ямар хоолны дэглэм барих вэ. Уруул байнга хуурайшдаг энэ юутай холбоотой вэ?
-Энэ хүнд хоолны дэглэмээс илүү тайван байж, амардаг бол гэж хэлмээр байна. Яагаад гэвэл ходоодны ихэнх өвчин, ялангуяа шарх, ходоодны хүчил их байх нь дандаа л хүний стрессээс болоод гарч ирдэг хүний бие дотор байдаг биологийн идэвхитэй бодисууд, дааврууд ходоодны бичил цусан хангамжийг муутгаснаас болоод ходоодонд өөрчлөлт гаргадаг. Жишээ нь, ходоодны шарх бол бараг л дан ганц стресстэй холбоотой байдаг. Хоолтой ямарч холбоогүй.
Тийм болохоор ажлаа зөв зохицуулж бай гэж хэлмээр байна. Ажил дээрээ ч, гэртээ ч тайван амгалан, уур уцааргүй байх хэрэгтэй. Мөн өөрийгөө тайвшруулдаг, сонирхдог хоббитой байх хэрэгтэй. Найз нөхөдтэйгээ уулзах, уран зураг үзэх, биллиард тоглох зэрэг. Хамгийн зөв нь ажлынхаа дараа дасгал хийдэг байх. Ийм дасгал өглөөний дасгалаас ялгаатай нь өдөржин хүний биед хуримтлагдсан стресс, нервийн бодисуудыг шатааж хүний биед, булчинд нь дасгал болохоос илүү зүрх мэдрэлийн, магадгүй энэ тохиолдолд ходоодыг хамгаалах үүрэгтэй байдаг. Уруул байнга хурайших нь ходоодтой холбоотой. Ер нь ходоодны салст өөрчлөлттэй байвал улаан хоолой, уруул энэ бүхэн гайгүй болно. Гол нь стрессгүй, сэтгэл санаа тайван байх л хэрэгтэй.
Ус сайн ууж бай. Хоёрдугаарт, эм уухаас аргагүй байвал алмагелиэс авахуулаад ходоодны хүчил багасдаг эмүүд байдаг. Тэгээд бүр болохгүй өвдөлттэй, шаналгаатай байж, цээж хорсдог, гүйлгэдэг шинж тэмдэг гарвал магадгүй омепразолыг өдөрт хоёр удаа хоолноос 20 минутийн өмнө 20 хоног ууж болно. Гэхдээ л стресстэй байвал дахина. Хоолны хувьд заавал хоолноос шалтгаалахгүй. Шалтгаалвал тун бага. Гэхдээ л ходоодны хүчил ихтэй бол гурилтай хоол идвэл цээж нь хорсоно, мах, сүүн талын юм л зүгээр байх. Ер нь энд зориуд хэлэхэд, хоолноос болж ходоод өвддөг гэсэн ойлголт буруу. Ганцхан тохиолдолд хоолноос болдог. Тэрнээс биш өлссөн, бага хоол идэж байгаа үед ямарч хоол байсан ходоодонд муу нөлөө үзүүлнэ гэж байхгүй.
-Нойр булчирхайн өвчтэй хүн хоол ундны ямар дэглэм баримтлах вэ?
-Энэ асуулт нойр булчирхайн хавдартай холбоотой биш байх. Нойр булчирхайн үрэвсэлтэй хүн асуусан болов уу? Ийм хүмүүс юуны өмнө аль болох багаар олон удаа идэж байх нь зүйтэй. Хоёрдугаарт, альфа амелаза цусанд үзүүлээд, хэрвээ нойр булчирхайн үрэвсэл өндөр байвал эмчилгээгээ сайн хийлгээд, аль болох нам дарах хэрэгтэй. Нэг хэсэг хоолтойгоо хамт мезимфорте гэх мэт хоол задалж өгдөг нойр булчирхайн ферментүүдийг агуулсан эмийг хэрэглэж бай.
Ер нь л хөнгөн, багаар л идэж бай. Түүнээс ийм хоол болно, болохгүй гэж зөвлөх нь харьцангуй гайгүй. Хүмүүс тарваганы хүн мах идээд зүгээр боллоо гээд байдаг. Үүнийг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ тэр бол батлагдсан эмчилгээ биш. Миний мэдэхээр л олон хүн тарваганы хүн мах идээд зүгээр болоогүй юмдаг. Зүгээр болсон нь хэд хэд байдаг юм бүү мэд. Тарваганы хүн мах идээд эдгэсэн ч юм уу? эсвэл эмээ ууж байгаад намдсан эсэхийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр нойр булчирхайн үрэвсэлтэй хүн хоол унд, дэглэм, эмийн талаар хүнээс сонссоноороо эмчлэх гэж оролдож, хэрэгтэй хэрэггүй юм хэрэглээд байж болохгүй.
Эх сурвалж: http://itoim.mn/index.php/site/news/10300
2 comments
Us uu gedeg zuvlulguu ih uguh um Ene bol buruu shuu dee
tiim shuu