Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учралын санаачилгаар мэдээллийн технологийн салбарт хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбарын хөгжил, эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог дэмжих, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах зорилго бүхий Бодлогын зөвлөлийг Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэд байгуулсан юм.
Уг зөвлөлийн анхдугаар уулзалт өчигдөр (2022.03.07) Төрийн ордонд боллоо.
Бодлогын зөвлөлд харилцаа холбооны операторууд болох “Мобиком корпорац” ХХК, “Скайтел” ХХК, “Юнител” ХХК, “ЖиМобайл” ХХК, “Ай Эн мобайл нэтворк” ХХК нараас гадна Монгол Вайлли төслийн санаачлагч “Инфинит сольюшнс” ХХК, Аэросити төслийн санаачлагч “Моoдун аэросити девелопмент” ХХК, “Моодун хаан” групп ХХК, Сиркл парк төслийн санаачлагч “Би Ар Би” ХХК болон мэдээллийн технологийн тэргүүлэх компаниудаас “Ай Си Ти” групп ХК, Ард экс” ХХК “М Банк” ХК, “Хиппо картс” апликейшн, “Ворлд плас ” ХХК, “Эрксис инк”, “Их Бит” ХХК, “Икс мета” ХХК, “Монгол ТВ” ХХК, “Стартап маркетинг спейс” ХХК-ийн төлөөлөл багтжээ.
Мөн салбарын мэргэжлийн холбоодоос “Дриймерс” ТББ, “Монголын биржүүдийн нэгдсэн холбоо”, “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”, “Монголын электрон спортын холбоо” зэрэг байгууллагын удирдлагууд зөвлөлийн бүрэлдэхүүнд орж байгаа юм.
Зөвлөлийн гишүүн байгууллагууд хэдийгээр салбартаа өөр өөрийн байр суурийг олсон, бизнесийн үйл ажиллагаагаараа ялгаатай боловч Монгол Улсад цахим шилжилтийг идэвхжүүлэх, цахим эдийн засгийг хөгжүүлэх, салбарын шинээр батлагдан гарах хууль тогтоомжид өөрсдийн дуу хоолойг хүргэх, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хэрэгжилтийг хангах, мэдээллийн технологийн салбарт нэгдсэн нэг бодлоготойгоор хамтран ажиллана.
Анхдугаар уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал уулзалтын эхэнд УИХ-аас баталсан цахим шилжилтийн багц хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчид хуулийн хэрэгжилтэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.
Төрөөс аливаа хуулийг батлан гаргадаг ч хуулийн хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүйн дээр яам, агентлагаас холбогдох дүрэм, журмаа батлахгүй удаашруулдаг байдлаас үүдэн олон сөрөг үр дагавар бий болдгийг оролцогчид хөндөж байна. Мөн төр-хувийн хэвшлийн ойлголтын зөрүүг арилгах зайлшгүй шаардлага байгааг ч салбарын мэргэжилтнүүд сануулав.
Бодлогын зөвлөлийн анхдугаар уулзалтаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Б.Цогтбаатар нарын санаачлан боловсруулж буй Мэдээллийн технологийн тусгай бүсийн тухай хуулийн төслийн талаар ярилцсан юм.
Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг солонгоруулахад уг хуулийн төсөл чухал ач холбогдолтой бөгөөд гадны хөрөнгө оруулалттай технологийн компани, үйлдвэрүүдийг Монгол Улсад орж ирэх тал дээр анхаарч, татварын таатай орчинг бүрдүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулахад төрөөс цогц дэмжлэг үзүүлэх шаардлага байгаа талаар оролцогчид байр сууриа илэрхийлж байлаа. Түүнчлэн монголын аж ахуйн нэгжүүд гадны зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой болсон. Гагцхүү төрөөс үзүүлэх дэмжлэг шаардлагатай гэлээ.
Төр-хувийн хэвшлийн идэвхтэй хамтын ажиллагаа зөвхөн мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулаад зогсохгүй, мэдээллийн технологиор дамжуулан уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарын хөгжилд ч ашиг тусаа өгч улмаар УИХ-аас батлан хэрэгжүүлж буй Шинэ эргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд үр ашгаа өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал уулзалтын төгсгөлд хэлэв.
Цаашид зөвлөлийн дэргэд үйл ажиллагааг нь дэмжих, зохицуулах үүрэг бүхий дэд ажлын хэсэг ажиллах бөгөөд зөвлөлд оролцсон байгууллагуудын төлөөлөл хэрхэн хамтарч ажиллах талаар төлөвлөгөө гаргаж ажиллахаар боллоо. Мөн Мэдээллийн технологийн тусгай бүсийн тухай хуулийн төслийн талаар хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.