Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Мэндийн Зэнээ агсаны 1995 онд бичсэн нийтлэлээс хүргэж байна.
УЛС ТӨРИЙН ГАЛЗУУ СОЛИО ТУССАН НУСГАЙЧУУДЫГ БОДОХООР УУР ХҮРЭЭД БАЙХ ЮМ…
Монгол нүүгээд Америк руу очихгүй!
… Хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-тай найрамдал, нөхөрлөлийн харилцаатай байж, Азийн болоод дэлхийн аль ч улс оронтой бие биеийн дотоод хэрэгт үл оролцох, эв найртай, эрх тэгш харилцах манай гадаад бодлого хувиршгүй байх нь ганц зөв зам юм.
Үүнд Монголын уламжлалт төрийн юм үзсэн ухаалаг бодлого давамгайлж сая үр дүнд хүрнэ. Хамгийн гол нь монгол хүн эх орныхоо эзэн гэдэг байр сууринаас аливаа асуудалд төвшин хандаж, хөрш улсынхаа нэгийг хоосон магтах, нөгөөг хий муулах, магтаж байснаа муулж, муулж байснаа магтах зэргээр ааш зангаа хувиргах нь таарамжгүй. Орос, Хятад хоёр Америк Африк тив рүү нүүж очихгүй. Монгол нүүгээд Европ орохгүй гэдгийг “улс төрчин” болж буй залуу хүмүүс эргэцүүлж бодох хэрэгтэй.
… Монгол гуай нэгэн жарны дараа ач хүү (Элбэгдорж) нь “ардчилалын алтан хараацай болж, жагсаал цуглаан хийж, өлсгөлөн зарлаж, төр засгаа харааж, нууцыг нь урд хөршид дэлгэж бужигнуулах” юм гэж бодоогүй байж болно.
Улс төрийн галзуу солио туссан нусгайчуудыг болохоор уур хүрээд байх юм.
ААВЫГАА, АРД ТҮМНЭЭ АЛТ МӨНГӨ, ШАШИН ХОЁРООР ХУДАЛДАГСАД
Түүх ямагт давтагдаж байдаг. Манж гүрэн өнөөдөр байхгүй ч түүнээс хэд дахин илүү хөгжилтэй, холын бодлоготой, нөлөө ихтэй аль нэг гүрэн Монголыг эрх ашигтаа үйлчлүүлэхийн тулд “ЭРХ ХАВНУУД”-ыг татаж, чангааж, цай уулгаж, хоол идүүлж, төрсөн өдрийг нь тэмдэглэх л болно.
Жижиг улсыг айлган сүрдүүлэх, эрхлүүлэн татах, бэлэгдэн хязгаарлах эртний уршигт бодлого “Цзими” буюу их бэлэг, шан харамж, мөнгө эд таваар, цол хэргэмээр татах нарийн аргад шилждэг байсан түүх бий. “Үер” буюу “таван урхи” гэгч энэ аргыг Цзя И гэгч хүн Хүннү гүрний шаньюй нарыг татахын тулд хааны ордны зөвлөлгөөн дээр гарган тавьж, төрийн бодлого болгосон гэж үздэг. Тэд Хүннү нарыг татахын тулд:
• Нүдийг урвуулахын тулд хээнцэр хувцас, тэрэг өгөх хэрэгтэй
• Дурыг урвуулахын тулд сайхан хооллох хэрэгтэй
• Сонорыг урвуулахын тулд хөгжим, хүүхэн өгөх хэрэгтэй
• Хүслийг урвуулахын тулд сайхан байшин, татвар эмс өгөх хэрэгтэй
• Ухааныг урвуулахын тулд эзэн хаан өөрөө дарс хоолоор дайлах хэрэгтэй
Энэ бол таван урхи мөн гэсэн төрийн бодлого явуулж байлаа…
Энэ урхинд оосорлогдсон эфү Цэрэн түүний долоон үе удам урт хүрэн мориноос дор байсныг түүх гэрчилдэг.
… аавыгаа, ард түмнээ алт мөнгө, шашин хоёроор худалдаж, Монгол орон сэргэж өндийхөөс үхтлээ айж, аль болохоор олон нам, олон шашнаар эв нэгдлийг нь бусниулж, цуглаан, жагсаал, суулт, өлсгөлөн, өргөх бичгээр бужигнуулж, болохгүй бүтэхгүй муу юм болгоныг ил далд дэмжиж, өөгшүүлж хатгаж, өдөөж баярлаж, бахирч явдаг хүмүүсээр төр бариулж болохгүй гэдгийг өнгөрсөн 5 жилийн түүх бидэнд маш бодитой харуулж өглөө…
“Монголоороо үлдэх юмсан” номын хэсгээс…