Украины түрэмгийллийг Хятад хэрхэн хүлээж авч байна вэ?

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Владимир Путиныг өөрийн “хамгийн сайн найз” хэмээн нэрлэж, НҮБ-аас Украины түрэмгийллийг буруушаасан ОХУ-ын эсрэг тогтоолыг батлахад Хятад улс Оросыг дэмжээгүй. Гэвч Хятад улс мөн түрэмгийллийг эсэргүүцсэнгүй. Хятадын ашиг сонирхол юу вэ. Орос Бээжинтэй ойртсоноор барууны хатуу хориг арга хэмжээний дор байр сууриа сайжруулах боломжтой юу. Энэ талаар BBC улс төр судлаач, эдийн засагчидтай ярилцжээ.

Барууны эсрэг хамтдаа

Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблей ОХУ-аас Украинд явуулж байгаа цэргийн ажиллагааг буруушаасан тогтоолыг хэлэлцсэн. Баримт бичигт Москваг байлдааны ажиллагаагаа нэн даруй зогсоох шаардлага тавигдсан ч Хятад санал өгөхөөс түдгэлзэв.

Үүнийг Оросын байр суурийг илт дэмжиж буй хэрэг гэж үзэх болно. Нөгөө талаар Хятад улс энэ талаараа дуугарсангүй. Богино хугацаанд Хятад улс бүх эрсдэл, боломж, давуу болон сул талуудыг тооцох ч мөн энэ асуудлаар стратегийн тодорхойгүй байдал үзүүлэх хандлагаа хадгалахыг хичээнэ гэж синологич Леонид Ковачич хэлжээ.

Албаны хүмүүс тайван хариу үйлдэл үзүүлсэн хэдий ч Хятадын олон нийтийн сүлжээ Владимир Путины сүүлийн үеийн олон нийтэд ил тод болж байгаа үйл явц, мэдээлэлд урам зоригтой хандсан хэвээр байна. Түүний хэлсэн үгнээс Хятадууд “тусгай ажиллагаа”-г барууны эсрэг тэмцэл хэмээн тусгаж авч байна.

Путины хэлсэн үгийг орчуулсан бичлэг цахим ертөнцөд тарж, Хятадын Твиттер сүлжээтэй  дүйцэхүйц олон нийтийн Weibo  сүлжээнд (#putin) гэсэн хаштаг ашигласан бичвэрийг тэрбум гаруй хүн үзсэн байна. Барууны ертөнц бүхэлдээ Украйны түрэмгийллийг буруушааж байхад Хятадын интернет хэрэглэгчид Путин болон цэргийн ажиллагааг сайшааж байна.

Хятадын Засгийн газар болж буй үйл явдалд илүү болгоомжтой хандаж байгаа ч “түрэмгийлэл” гэж нэрлэхээс татгалзаж, Москвагийн үйлдлийг Бээжин батлах гэж яарахгүй байна.

Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэрт цохилт өгч эхэлсэн өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин өдөр тутмынхаа ихэнх цагийг АНУ-ыг шүүмжилж, Вашингтоныг “үзэл суртлын үндсэн дээр сөргөлдөөн, хагарал үүсгэх блокийн бодлого явуулж байна” хэмээн буруутгасан. Хятадын тал Оросын “тусгай ажиллагаа”-г түрэмгийлэл гэж үзэж байна уу гэсэн асуултад Хуа Чуньин шууд хариулсангүй.

Хятад улс нэг талаас Оростой стратегийн түншлэлийн харилцаагаа хадгалах, магадгүй бүр өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа ч Москватай хэт ойртохгүй байх нь чухал. Энэ нь Бээжингийн эсрэг хориг арга хэмжээ авах эрсдэлийг нэмэгдүүлнэ. гэж Америкийн шинжээч Брэдли Жардин ВВС-д ярьжээ.

Эх сурвалж: ВВС

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн