Монголбанкнаас мэдээлснээр, гадаад валютын албан нөөцийн хэмжээ өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 3.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар буурчээ. Энэ нь сүүлийн нэг жилийн хамгийн доод түвшин болов. Гадаад валютын албан нөөц 2021 оны дөрөвдүгээр сард 4.9 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд түвшинд хүрээд байсан юм. Мөн мөнгөжсөн алтны хэмжээ өссөнөөр албан нөөц өндөр түвшинд хадгалагдаж байв.
Энэ оны нэгдүгээр сард эрдсийн экспорт буурч, гадаад худалдаа алдагдалтай гарсан. Түүнчлэн төлбөрийн тэнцэл тайлант сард 340.9 сая ам.долларын алдагдалтай гарав. Нэгдүгээр сард валютын орох урсгал татарснаас гадна олон улсад үүссэн геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор ам.долларын ханш ихэнх валютын эсрэг эрчимтэй чангарсан.
Дотоод, гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр төгрөгийн ханш суларч байгаа ч жилдээ 4-5 хувийн сулрал хэвийн түвшинд тооцогддог болохыг Монголбанкнаас мэдээлэв.
Гадаад валютын нөөц импортын 7-8 сарын хэрэглээг хангах түвшинд байна
Гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны эцсийн байдлаар 4.4 орчим тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар буурсан үзүүлэлт болов. Монголбанкнаас мэдээлснээр, энэ нь импортын 7-8 сарын хэрэгцээг хангах түвшин аж.
Олон улсын валютын сангаас Монгол Улсад 98 сая ам.долларын зээл олгосон, мөн мөнгөжсөн алтны нөөц нэмэгдсэн зэрэг нь албан нөөцийн хэмжээ өмнөх оны түвшинд байхад нөлөөлсөн байна.
Монголбанк гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд алт олборлогч иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих замаар алт тушаалтыг нэмэгдүүлж ажилладаг. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тасралтгүй хийж буй энэ ажил цаашид ч үргэлжлэх юм. Гадаад валютын гарах урсгал нэмэгдэхэд импортын барааны өсөлт хамгийн их сөргөөр нөлөөлж байна. Мөн Монгол Улсын экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байх нь хамгийн гол асуудал болж байгааг Монголбанк онцолсон юм.
Орох урсгал талдаа “Оюутолгой” төслийн гэрээ хэлэлцээ эрчимжиж, товлосон цагтаа гүнийн уурхайн үйл ажиллагаа эхэлбэл гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал хэвийн байх төлөвтэй байгааг Төв банкнаас мэдээлэв.