Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ыг дөрөв дэх удаагаа 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөлөлтэйгөөр амжилттай зохион байгуулсан билээ. Энэхүү форумд “Цар тахлын үеийн хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн ёс зүй”, “КОВИД-19: Сэтгүүл зүйн үүрэг, ёс зүй, хамтын ажиллагаа”, “Цар тахлын үед аюулд өртөөд буй мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө: олон улсын сургамж” сэдэвт гурван илтгэл, мөн оролцогч талуудын хэлэлцүүлгээр дамжуулан нөхцөл байдлыг хэлэлцэж, зөвлөмж гаргалаа.
Нөхцөл байдал: Цар тахлын онцгой нөхцөл байдалд бид хоёр жилийг үдлээ. Дэлхийн аль ч улс оронд, хаана ч, хэнд ч КОВИД-19 цар тахлыг хохирол багатайгаар богино хугацаанд даван туулах туршлага, арга зам байсангүй. Бусад оролцогч талуудын нэгэн адил хэвлэл мэдээллийнхэн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ амаргүй нөхцөлд байдалд биелүүлэхийн төлөө хичээн ажиллаж, олон сорилыг даван туулахын сацуу туршлага, сургамжийг мөн хуримтлууллаа.
Дижитал хувьсал бидэнд ихээхэн боломжийг авчирсан ч цар тахлын талаарх баталгаагүй, төөрөгдүүлсэн, эргэлзээтэй, нягтлан шалгаагүй мэдээлэл түгэх, улмаар иргэдийг эргэлзээ, бухимдал, айдаст автуулах шалтгаан болж байв. Цахим орчинд тархсан худал ташаа мэдээлэл нь сэтгүүл зүйн нэр хүнд, итгэл үнэмшлийг ч бууруулж байна.
Түүнчлэн мэдээллийн цар тахал нь хүний эрүүл мэнд, эдийн засаг, амь насанд сөрөг үр нөлөө үзүүлээд зогсохгүй “иргэн, хэвлэл мэдээлэл, төр” хоорондын үл итгэлцэл, үл ойлголцол нэмэгдэх шалтгаан болов. Цар тахлын үеийн хууль, эрх зүйн орчин нь олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээвэл гэмт хэрэг, зөрчилд тооцох, мэдээллийн нэг чиглэлт урсгалыг шаардсан. Үүний үр дагавраар Ковид-19 цар тахлын үед хэвлэлийн эрх чөлөө хумигдсан гэж 5 сэтгүүлч тутмын 3 нь үзжээ. Цар тахал зэрэг онцгой нөхцөл байдал нь төрөөс хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэлтэй байх эрхийн зарчмыг хүндэтгэх, харин сэтгүүлчдээс мэргэжлийн ёс зүйн өндөр хариуцлагыг шаардаж байна.
Тодруулбал, төрийн мэдээллийг дамжуулах буюу нэг чиглэлт мэдээллийн урсгал хэт давамгайлсан. Хамтын ажиллагаа доголдолтой буюу сэтгүүл зүйн оролцоо, үүргийг хязгаарласан. Сэтгүүл зүй дагаж сурвалжилснаас манлайлж сурвалжилж чадаагүй. Цар тахлын нөхцөлд редакцын түвшинд хүний эрхийг хамгаалах ёс зүйн зохицуулалт, сэтгүүлчид хэрхэн ажиллах удирдамж, туршлага сул, сэтгүүл зүйн байгууллагууд цахим орчинд ажиллахад, хурдан шуурхай дасан зохицох менежмент дутагдалтай бөгөөд редакцууд нэгдэж, хамтран ажиллаж чадаагүй зэргийг хэлэлцүүлгийн үеэр онцлов.
Цар тахлын үеийн эдгээр хязгаарлалт нь нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын талаар иргэний үнэнийг мэдэх эрхийг хангах үүрэгтэй төр болоод хэвлэл мэдээлэл аль нь ч бүрэн хангаж чадаагүй.
Ковид-19 цар тахалтай тэмцэх төрийн бодлого, үйл ажиллагаа нь иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхэд аргагүй хязгаалалтыг үүсгэсэн ч зарим тохиолдолд энэ нь зохист хэмжээнээс хэтэрсэн тохиолдлууд бий. Энэ нь засгийн газарт таагүй мэдээллийг дарах зорилгоор сөрөг хүчний улс төрчид, шүүмжлэгч хэвлэл мэдээллийн байгууллага эсвэл хүний эрх хамгаалагчдын дуу хоолой, үзэл бодлыг дарах шалтаг болов. Цар тахалтай амжилттай тэмцэхийн тулд улс орнууд иргэдээ үнэн зөв мэдээллээр хангахдаа талуудын оролцоог хангах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэдийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг дэмжин чадавхжуулж, үзэл бодлыг нь сонсох шаардлага улам бүр нэмэгдэж байна. Гэвч цар тахлын өнөөгийн үед засгийн газрууд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжихийн оронд хааж хавчих явдал илүүтэй буйд бид шүүмжлэлтэй хандаж, ийм эрсдэлээс хол байх арга замыг байнга эрэлхийлж байхыг форумын үеэр онцлов.
Зөвлөмж:
- Монгол Улсын Засгийн газар, эрх бүхий байгууллагууд бүх хүнд хүртээмжтэй хэлбэрээр, хоёрдмол утгагүйгээр мэдээллийг тухай бүр өгч байх үүргээ хэрэгжүүлэх, ингэж мэдээлэл өгөөгүй нөхцөлд иргэдийг “худал мэдээлэл тараасан” гэж шийтгэхгүй байх;
- Эрүүл байх эрх нь хүний бусад эрхтэй нягт холбоотой. Мэдээлэлтэй байх эрх нь хуурамч ташаа мэдээлэлтэй тэмцэх, мэдээллийг дур зоргоор хязгаарлахаас урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой болохыг хүлээн зөвшөөрөх;
- Онц байдлын арга хэмжээ, зохицуулалтыг авч хэрэгжүүлэхдээ хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахаас зайлсхийх, хямралтай холбоотой бүхий л төрлийн мэдээ, мэдээллийг сэтгүүлчдэд нээлттэй байлгах, Засгийн газрын төлөөлөгчид болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд иргэдийг мэдээллээр хангахдаа сэтгүүлчдийн эрхийг зөрчихгүй байх;
- Цар тахлыг далимдуулан бие даасан сурвалжилга, хэлэлцүүлэг, мэдээлэл эрж хайх, шинжлэх явдлыг хааж боохгүй байх, цар тахлыг шалтаг болгон ашиглахгүй байх; Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд тавьсан зүй бус зохисгүй хязгаарлалтуудыг үнэлж яаралтай цуцлах, мэдээллийн чөлөөт урсгалыг тэргүүн зэрэгт дэмжих;
- Бие даасан, нийтийн ашиг сонирхлын төлөөх сэтгүүл зүйг дэмжсэн, иргэний нийгмийн оролцоог хангасан эрх зүйн орчныг бүрдүүлж, нийгмийн бүх хэсэгтэй ажиллах замаар итгэл хүлээсэн, найдвартай, хүртээмжтэй, хөндлөнгийн ба баримт дээр тулгуурласан мэдээлэл бүхий ил тод байдлыг хангах;
- Эрсдэлт болон онцгой нөхцөл байдлын мэдээлэл харилцааны бэлэн байдлыг хангах, ийм нөхцөлд мэдээлэл харилцааг төр-иргэн-хэвлэл мэдээлэл гэсэн гурван талт оролцоотойгоор хэрэгжүүлэх үндэсний хэмжээний багийг бүрдүүлж, чадавхыг бий болгох;
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид, хүний эрхийг хамгаалагчдын үйл ажиллагааг зүй бусаар хязгаарлахгүй байхад анхаарч, хууль ёсны үйл ажиллагаа явуулсныхаа төлөө ямар нэгэн байдлаар шийтгэл хүлээхгүй байх эрх зүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх;
- Олон нийтийн сүлжээний компаниудад цахим контентуудыг идэвхтэйгээр хянах эсвэл хэт их цагдан хяналтын хэлбэртэй зуучлагчийн үүрэг оноохоос татгалзах.
Эх сурвалж: Хэвлэл мэдээллийн зөвлөл