Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар Судалгаа, шинжилгээний төв байгуулах тухай асуудлыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав.
Нийслэлийн Судалгаа, шинжилгээний хүрээлэн нь Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийг судалж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох бөгөөд уг судалгааны дүн шинжилгээг үндэслэн Улаанбаатар хот өөрийн бие даасан эдийн засгийн хэлбэрээ тодорхойлно. Мөн нийслэлийн удирдлагыг судалгаа шинжилгээгээр шуурхай хангаж, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн үйл ажиллагаа болон олон нийтийг хамарсан судалгаа, статистик тоон мэдээлэл, өгөгдлийг аналитик болон систем динамик загвар дээр шинжлэн, санал дүгнэлт гаргаж, нийслэлийн удирдлагад асуудлыг шуурхай шийдвэрлэх гарц, гаргалгааг санал болгоно. Түүнчлэн зөвлөлийн гишүүд тус хүрээлэн нь зөвхөн төсвөөс санхүүжих биш, нийслэлтэй холбоотой судалгаа хийж, түүнээсээ ашиг олдог байж болох юм гэсэн санал хэлж байлаа.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж, 150 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Иймээс нийслэлд Судалгаа, шинжилгээний хүрээлэн зайлшгүй шаардлагатай. Энэ нь хотын ирээдүйн эдийн засгийн өсөлтөд чухал ач хол
богдолтой. Зөв тогтолцоог нэвтрүүлбэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх боломж бүрдэнэ. Гаднын хөрөнгө оруулалтыг татахад 50 хувь нь боловсруулсан бичиг баримт, материал байдаг” хэмээсэн юм.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Нийслэлийн Судалгаа, шинжилгээний хүрээлэн байгуулах тухай асуудлыг НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхийг НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэгт үүрэг болголоо.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР