2020 онд хийсэн цөлжилтийн үнэлгээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөн байна. Үүний 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна. Говь, хээрийн бүсийн хур тунадас багатай Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50-95 хүртэл хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн судалгааны дүн байна.
2020-2021 онд цөлжилт, газрын доройтолд нэн хүчтэй, хүчтэй өртсөн Ховд, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Говьсүмбэр аймгуудад цөлжилтийг сааруулах, элсний нүүлтээс хамгаалах, хамгаалалтын ойн зурвас байгуулах, говийн баянбүрдийг нөхөн сэргээх, элсний нүүлтийг сааруулах механик хаалт хийх, байгалийн ашиг шимт ургамлыг тарималжуулах, булаг шанд тохижуулах зэрэг арга хэмжээг 265 га талбайд хэрэгжүүлж байна.
Харин энэ жил Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий аймгийн цөлжилтөд өртсөн газар нутагт хамгаалалтын ойн зурвас байгуулахаар шийдвэрлэн ажиллаж байна.