Байдены засгийн газраас америкчуудыг Оросын төв банктай бизнес хийхийг хориглож байна. Мөн өчигдөр АНУ-ын Сангийн яамнаас Оросын төв банкны эсрэг шинэ хориг тавьснаар крипто зах зээл өссөн байна. Тодруулбал, биткойн 10.4 хувь өсөж 41,807.16 ам.доллар болсон бол Ethereum 7.6 хувь өсөж 2,826.54 ам.доллар болжээ. Хэдийгээр АНУ-ын хөрөнгийн зах зээл огцом уналттай нээгдсэн ч эргэн сэргэсэн юм.
Valkyrie Fund-ийн Гүйцэтгэх захирал Лиа Вальд “Өмнө нь хөрөнгийн зах зээл унахад крипто дагаад унадаг байсан. Харин одоо өрнөж байгаа уялдаа холбоогүй үйл явдал нь биткойн болон бусад крипто валютын оргил цэг ирж үндсэн валют болох боломжтойг харуулж байна” гэжээ. Крипто мэдээллийн Кайко компаниас ОХУ-ын халдлага эхэлснээс хойш Оросын рубль болон Украйны хривнийг биткойноор солих нь ихсэж дээд түвшинд хүрсэн гэж мэдээлжээ.