Кёкүшюзан Батбаяр болон түүний эхнэр дуучин Т.Баясгалан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёрдугаар сарын 5-нд эхэлж, таван өдөр үргэлжилж өнөөдөр дууслаа. Дөнгөж сая шүүх хурал өндөрлөж Кёкүшюзан Батбаяр болон түүний эхнэр дуучин Т.Баясгалан нарын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар мэдээлжээ.
Прокурорын байгууллагаас Д.Кёкүшюзанбатбаяр Н.Болормаа, Б.Цэрэндорж, Т.Баясгалан нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.
УИХ-ын гишүүн асан, Д.Кёкүшюзанбатбаяр түүний эхнэр МУГЖ, дуучин Т.Баясгалан нар өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан. Улмаар зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаад байгаа билээ.