МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаанаас оюутан Б.Ариунзаяаг МУИС-аас хасах саналыг хүргүүлж буй шийдвэрийг танилцуулах үеэр Академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Нарангэрэл мэдээллийг өглөө.
С.Нарангэрэл: Сая манай сургуулийн захиргааны зөвлөл нэлээн их цаг хугацаа авсан. Оюутнаа оюутны эгнээнээс хасаж байгаа явдал нь багш нарын хувьд дэндүү хатуу зүйлтэй тулгарсан хэрэг.
Гэхдээ үндэслэл нь Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн 6.2 дугаар зүйлд тухайн оюутан суралцагч нь сургуулийн дотоод дүрэм журамд заасан үүргийг биелүүлнэ. Мөн Дээд боловсролын тухай хуулийн 45.2-т сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахина. МУИС-ийн дүрэмд суралцагч нь ёс зүй, эерэг зан үйлийг чандлан сахих, эрдмийн нэр хүндийг хүндэтгэх үүрэгтэй гэж заасан. Энэ заалтууд зөрчигдсөн.
Захирлын хэлснээр хүмүүний ёс суртахуун, эелдэг харилцааны наад захын хэм хэмжээг ноцтой бөгөөд бүдүүлгээр зөрчсөн. Бид ийм нэр хаяг авч байгаа залууст эрх зүйчийн диплом өгөөд, дараа нь энэ шавь шүүгч, өмгөөлөгч, прокурор болоод Монголын ард түмний хувь заяаг сайхан шийдэж чадна гэсэн бидний итгэл найдвар алдагдсан. Тийм учраас ийм шийдвэр гаргахаас өөр арга байхгүй. Энэ бол хүмүүний ёс суртахууны тухай тэр дундаа ирээдүйд хуульч болох хүний тухай асуудал яригдаж байгааг анхааралдаа авна уу.
Түүнчлэн гэм буруутайг шүүх тогтоох хүртэл хэнийг ч буруутайд тооцохгүй. Монголын өнцөг булан бүрээс хуульч болох сэтгэл зүтгэл өвөртөлж ирсэн сайхан залуус бий. Энэ үйл явдлаас сургамж авч энэ залуусаа ёс суртахууных нь хувьд яаж бэлтгэх юм вэ гэдгээ дахин ярьсан.
Ойрын хугацаанд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан болон багш нарын ёс зүйг эрс сайжруулах талаар тусгайлсан тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүйн сургуулийн захиралд сая үүрэг болгосон гэв.