Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн А/72 дугаар тушаалаар эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоолоо.
Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байх бөгөөд шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулна.
Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар 2022 оны гуравдугаар сарын 14-ний 18:00 цаг хүртэл явагдах юм.
Энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/-д элсэгчийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ сонгож бүртгүүлэх юм. Түүнчлэн Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.