Орос, Украины нөхцөл байдлаас үүдэн Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах судалгааг Монголбанк, Сангийн яам, ГХЯ-ныхан хамтран хийжээ.
Иргэд ОХУ-аас импортоор орж ирж буй шатахууны асуудалд хамгийн их анхаарал хандуулж байгаа бол энэ тал дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам судалгаа хийж, 36-70 хоногийн шатахууны нөөцтэй байгаа талаар мэдээлсэн.
Энэ нь энгийн үеийн нөөц бөгөөд “Роснефт” компани шатахууны дараагийн гурван сарын гэрээг хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Тиймээс шатахууны нийлүүлэлтэд доголдол үүсэхгүй, тайван байж болно гэж Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа мэдэгдлээ. Манай арилжааны банкууд ОХУ дахь нэр бүхий хоёр банктай харилцаатай бөгөөд үүгээр дамжуулан шатахууны төлбөр тооцоог хийх боломжтой юм байна.
Шатахууны төлбөр тооцоонд зургаадугаар сарын 24-нийг хүртэл саад бэрхшээл гарахгүй. АНУ-аас шатахууны төлбөр тооцоог хязгаарлалтад оруулахгүй гэж зарласан.
Манай улс гадаад худалдааны хувьд хойд хөрштэйгөө алдагдалтай, урд хөрштэйгөө ашигтай ажилладаг. ОХУ-тай хийдэг гол худалдаа шатахуун байдаг. Оргил үедээ 1.8 тэрбум ам.долларын шатахууны төлөлт хийж байсан. Сүүлийн жилүүдэд нэг тэрбум орчим ам.долларын шатахууны төлбөр хийгдэж байгаа гэж Сангийн сайд хэллээ.
Мөн тэрбээр “Гэхдээ Европоос ОХУ-аар дамжин ирдэг гадаад худалдааны тээвэрлэлт дээр ямар нөхцөл байдал үүсэхийг хэлж мэдэхгүй. Энэ нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг одоо хэлэхэд эрт байна. Гэхдээ тухайн нөлөөг ямар ухаалаг арга замаар багасгах вэ гэдгийг тооцох нь чухал” хэмээн мэдэгдлээ.