Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин мягмар гаригт АНУ-ын төлөөлөгчдийн аралд хийсэн айлчлалын талаар тайлбар өгөхдөө Хятад улс Тайваньтай албан ёсны харилцаа холбоо тогтоохоо зогсоохыг АНУ-д уриалж байна хэмээн мэдэгджээ.
АНУ-ын Майкл Муллен тэргүүтэй албан бус төлөөлөгчид Тайваньд хоёр өдрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ирак, Афганистаны үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Меган О’Салливан, Батлан хамгаалахын дэд сайд асан Мишель Флоурной нар багтжээ.
Лхагва гарагт төлөөлөгчид Тайванийн Төрийн албаны дарга Цай Ин Вэнтэй уулзаж, Вашингтон, Тайбэй хоорондын хамтын ажиллагаа, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Харин Хятадын ГХЯ-ны төлөөлөгч “Төрийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах Хятадын ард түмний шийдэмгий, хүсэл зориг нь хөдлөшгүй юм. АНУ Тайванийг дэмжиж буйг харуулахын тулд хэнийг ч илгээх нь дэмий оролдлого” хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр мөн АНУ “Нэг Хятад” зарчим болон Америк, Хятадын хамтарсан мэдэгдэлд заасан заалтуудыг даганн мөрдөх ёстой. Америк, Тайвань хоорондын албан ёсны харилцаа холбоог зогсоож, Тайваньтай холбоотой асуудалд болгоомжтой хандахыг Хятад улс уриалж байна гэжээ.
1949 онд Хятадын Коммунист намтай иргэний дайнд ялагдсан Гоминданы арми Тайваньд шилжин ирсний дараа БНХАУ-ын төв засгийн газар болон Тайвань арлын хооронд албан ёсны харилцаа тасалдсан бөгөөд арал болон эх газрын Хятад хоорондын бизнесийн болон албан бус харилцаа 1980-аад оны сүүлээр сэргэсэн юм.