Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд өчигдөр дахин 10 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас тосож авчээ. Тэдний хоёр нь Кировоградад сурдаг оюутан аж.
Мөн Украины Харьков хотоос манай улсын 19 иргэн, тэдний гэр бүлийн дөрөв, нийт 23 иргэн Харьков-Львов чиглэлийн галт тэрэгт амжиж суулаа. Харьков хотоос Львов хот хүртэл 1,018 км, Львовоос Украин-Польшийн хил хүртэл 70 гаруй км, нийт 1,100 орчим км амаргүй замыг туулаад аюулгүй газарт хүрэх юм. Ингэснээр цэргийн ажиллагааны хамгийн хүнд бүс болох Харьковоос манай оюутнууд бүрэн гараад байна.
Эдгээр иргэдээ Украин-Польшийн хилээр нэвтэрсэн даруйд Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайдын яам, Унгар Улсад суугаа Элчин сайдын яам, БНЧУ-д суугаа Элчин сайдын яамны ажилтнууд болон ГХЯ-ны төвийн томилолттой ажилтнууд тус тус тосон авч, Варшав хот руу хүргэхээр бэлэн байдалтай ажиллаж байна.
Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас эх орондоо буцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг аюулгүй бүсэд хүргэх, эх оронд нь ирүүлэх чиглэлээр бүхий л боломжийг эрэлхийлэн ажилласны дүнд хоёрдугаар сарын 25-28-ны өдрүүдэд нийт 34 иргэн Украин-Польшийн хилээр нэвтрээд байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам