Украинд байгаа монголчуудын асуудлаар Гадаад харилцааны яам өдөр бүр 15:00 цагт мэдээлэл өгч байгаа. Өнөөдрийн /2022.02.28/ ээлжит мэдээллийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өглөө.
Гадаад харилцааны яам хоёрдугаар сарын 24-нөөс хойш 24 иргэнийг аюулгүй бүсэд оруулжээ. Тэдний гурав нь өчигдөр ирсэн бол 15 иргэн гуравдугаар сарын 3-нд ирэхээр болжээ. Мөн гурван иргэний билет өнөөдөр баталгаажсан бол хоёр иргэн өнөөдөр Украинд сайн дураараа үлдэхээр болсон байна.
Украин Польшийн хил дээр найман иргэн ирээд байгаа бөгөөд Элчин сайдын яамны ажилтнууд хилийн зурвас руу орж авахаар ажиллаж байна юм байна. Одоогоор Харьков хотод 23 монгол хүн байгаа ба тэдний 18 нь оюутан аж. Оюутнууд бүгд хоргодох байранд байгаа. Нөхцөл байдал тэнд маш хүнд байна. Эдгээр хүнийг татаж авах ажил дээр төвлөрч байгаа. Гадаад харилцааны яам тэд хоногийн дотор оюутнууддаа хоол хүргэж өгнө гэж хэлж чадахгүй. Аль ч улсын гадаад яам үүнийг тодорхойлж чадахгүй байна.
Харьков хот руу орох гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан. Олон улсын Улаан загалмай нийгэмлэг тусламж оруулах гээд чадахгүй байгаа. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай бид холбоотой ажиллаж байна. Тусламж үзүүлэх тал дээр болон аюултай бүсээс аюулгүй бүс рүү иргэдээ гаргаж авах тухайд ажиллаж байгаа юм. Хариуцлагын асуудал яригдана хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдэгдэв.