Гадаад харилцааны яам өнөөдөр Украины нөхцөл байдал, тэнд суралцаж байгаа оюутнуудын асуудлаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өчигдөр Украинд байгаа иргэдээ татан авах ажилд зориулж, 500 сая төгрөг хүртэлх хөрөнгийг зарцуулах шийдвэр гаргасан байна.
Украинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор “Бидний зүгээс энэ сарын 26, 27-ны өдрүүдэд тус улсаас 21 оюутнаа татаж авахаар Киев – Истанбул, Харьков – Истанбулын нислэгт захиалга хийсэн байсан ч харамсалтай нь тухайн нислэгүүд цуцлагдсан гэсэн мэдээлэл ирсэн гэж Гадаад харилцааны яам өнөөдөр мэдээлэв. Тиймээс Гадаад харилцааны яам иргэдээ газраар татаж авах хувилбарыг ярьж байгаа гэнэ.
Мөн Харьковт суралцдаг оюутнуудыг ОХУ-аар дамжуулан татаж авах асуудлыг судалж байгаа юм байна. өн бусад хотуудад байгаа монгол иргэдээ Чех, Унгар, Польш улсын хилээр буюу газраар татаж авах асуудлуудыг судалж байгаа гэж мэдэгдэв.
Яг одоогийн байдлаар Украинд хот хоорондын орж, гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан гэж бид ойлгож байгаа. Энэ байдлаас болж иргэдээ татаж авах ажиллагаа хүндрэлтэй байна. Иймд бидний зүгээс иргэддээ нөхцөл байдал намжтал ойрын хэд хоногтоо байгаа газартаа байх зөвлөгөө өгч байгаа. Үүнийг зөвхөн манай улсын зүгээс бус тус улсад иргэд нь байгаа бусад улсын зүгээс ч иргэддээ ийм зөвлөгөө өгч байна гэж ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд мэдэгдэв.