Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан НАТО-д суугаа улс орнуудын байнгын төлөөлөгчид нөхцөл байдлыг хурцатгахаас зайлсхийхийн зэрэгцээ урьдчилан сэргийлэх, хамгаалах, бэхжүүлэх арга хэмжээ авахаар шийдсэн гэж Хойд Атлантын зөвлөл мэдэгдэв.
Баримт бичигт “Бид бүх холбоотноо батлан хамгаалах төлөвлөгөөний дагуу эвслийн хэмжээнд саатуулах болон хамгаалалтыг цаашид бэхжүүлэх нэмэлт арга хэмжээ авах шийдвэр гаргасан” хэмээн дурджээ. Мөн “Бидний арга хэмжээ урьдчилан сэргийлэх, пропорциональ хэвээр байгаа бөгөөд хурцадмал байдлыг дэвэргэхгүй, НАТО-гийн бүх холбоотнуудын аюулгүй байдал, хамгаалалтыг хангахад шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн авна хэмээн дурдсан байна.
Мөн “Бид эвслийн зүүн хэсэгт нэмэлт хамгаалалтын хуурай замын болон агаарын цэргийн хүчин, түүнчлэн тэнгисийн цэргийн нэмэлт хүчин, эд хөрөнгийг байршуулж байна. Бид болзошгүй бүх тохиолдолд хариу арга хэмжээ авах хүчнийхээ бэлэн байдлыг нэмэгдүүлсэн” хэмээжээ.
НАТО-д суугаа улс орнуудын байнгын төлөөлөгчид “Оросын Украин руу хийсэн дайралт”, мөн “Үүнийг хийхийг зөвшөөрсөн Беларусь”-ыг буруушаав. Мэдэгдэлд “Бид Оросыг байлдааны ажиллагаагаа нэн даруй зогсоож, Украин болон Украины ойролцоох нутаг дэвсгэрээс цэргээ татаж, олон улсын хүмүүнлэгийн хуулийг бүрэн хүндэтгэхийг уриалж байна” гэжээ.
Пүрэв гарагийн өглөө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Донбасс дахь нөхцөл байдалтай холбогдуулан цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдсэнээ мэдэгдлээ. “Би цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдсэн. Үүний зорилго нь найман жилийн турш Киевийн дэглэмийн хүчирхийлэлд өртөж, хоморголон устгасан хүмүүсийг хамгаалах явдал юм. Үүний тулд бид Украиныг цэрэггүйжүүлж, харгислалгүй болгохыг хичээх болно. Энгийн иргэдийн эсрэг, тэр дундаа ОХУ-ын иргэдийн эсрэг олон тооны цуст гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг шударгаар шүүнэ” хэмээн Путин телевизээр хэлсэн үгэндээ дурдсан юм.