Эх сурвалж: Г.РАВЖАА
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан З.Ганбаатарыг мөнгө угаасан, эрх мэдлээ урвуулсан, хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан шалгасан талаар бид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдээлсэн билээ. Уг хэргийг тухайн үед шүүхэд шилжүүлэхээр болж байсан ч прокурор нь нэмэлт ажиллагаа хийлгэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст буцааснаар саяхан шалгалтаа дууссан юм байна.
Тэрбээр ОХУ-ын “СП ЗАО ИВС” хамтарсан үйлдвэрийн захирал Алексей Владимирович Зимин гэх хүнээс хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Хойд хөршид хаалттай хувьцаат нийгэмлэг хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй 2003-2012 онд 78.3 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан их хэмжээний санхүүжилт авах, удаан хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан аж.
Түүнийгээ байгуулахдаа Петербург дэх Номос банкны данснаасаа их хэмжээний ам.доллар гаргаж хахууль болгож өгсөн гэнэ. Тодруулбал, 3.4 сая ам.доллар буюу дөрвөн тэрбум 347 сая гаруй төгрөг ОХУ-ын аж ахуйн нэгжээс З.Ганбаатар авсан хэрэгт холбогдоод байгаа юм.
Уг хахуулийн мөнгөнөөсөө 569 мянган фунт стерлинг буюу 1.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютаар Английн Лондон хотод 110 ам метр талбай бүхий хоёр давхар орон сууц худалдан авсан үйлдэлд нь прокуророос З.Ганбаатарт мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Эдгээрээс гадна хэрэгт хамт яллагдагчаар татагдсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн Техникийн автоматжуулалт ба тооцоолон бодох цехэд группийн ахлагчаар ажиллаж байсан Л.Дэлгэрбатдаа удаа дараа давуу байдал олгож байсныг АТГ-ын мөрдөгчид тогтоосон аж.
Өөрөөр хэлбэл, Л.Дэлгэрбаттай хамтарч 12 удаа түүнд давуу байдал олгон, гэрээний хавсралт, ажил хүлээлцсэн тэмдэглэлд “Эрдэнэт үйлдвэр”-ийг төлөөлөн гарын үсэг зурж дэмжлэг үзүүлсэн хэрэгт холбогдоод буй юм. Яллагдагч Л.Дэлгэрбат нь өөрийнхөө үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийг бусдын нэр дээр тендерт оролцуулж, таван сая гаруй ам.долларын үнийн дүн бүхий 12 гэрээ байгуулан 2006-2016 оныг дуусталх хугацаанд уг мөнгийг шилжүүлэн авч, “Эрдэнэт үйлдвэр”-т хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ.
Ингэж албан тушаалаа ашиглаж, өөрийнхөө аж ахуйн нэгжид давуу байдал олгож авсан мөнгөө Их Британийн Виржинийн аралд байгуулсан “Process control intelligent application” компаниар дамжуулж угаасан үйлдэлд буруутгагдаж байна. Тэдэнд холбогдох хэргийг өдгөө Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж эхэлжээ.