Гадны байгууллагатай хамтран ажилласан хэргээр Тагнуулын байгууллагад шалгагдаж байгаа иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгчөөр жагсагч Г.Баасан ажиллаж байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дэмжлэгээр АТГ-ын Олон нийтийн зөвлөлийг тэргүүлж үзсэн Г.Баасанг олон жил жагсаал цуглаан толгойлсон гэдгээр иргэд мэддэг.
Ч.Мөнхбаярыг өмгөөлж байгаа Г.Баасан “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа хоригдож байгаа Ч.Мөнхбаяртай очиж уулзсан гэдгээ дурдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6.1-д заасан зүйл ангиар ял сонсохоор болж буйг дурджээ.
Энэ талаар Г.Баасан: Ямар нэгэн компани, хувийн өмч хөрөнгөгүй. Энэ хэрэг явдлаас болж ар гэрийнхэнтэй нь уулзсан. Социализмын үеийн л нэг айл байна билээ. Ч.Мөнхбаяр айлын том хүү. Ээж, дүүтэйгээ амьдардаг хүн байж. Түүнд овоож оцойтлоо эд хөрөнгө, мөнгө цуглуулсан зүйлгүй. Түүний цуглуулсан хөрөнгө юу вэ гэхээр Монголоо гэсэн том үзэл, дэлхийн монголчуудынхаа төлөө явдаг эр зориг, тэр дундаа өмнөд монголчуудын өнөөдөр зөрчигдөж байгаа эрх, үгүйсгэгдэж байгаа монгол хэл, ёс заншил, соёлын төлөө дэлхийгээр тархсан монголчууд нийлж тэмцдэг юм байна.
Баривчлагдсан өдрөөс нь хойш дөрөв дэх удаагаа уулзаад байна. Өөрөө бол “Би юу гэж улс орныхоо эсрэг ажиллах вэ дээ. Түүн дээрээ тулбал улсынхаа төрийн албанд хэлнэ шүү дээ” гэж байсан.
Иргэний нийгмийн байгууллагын нэрээр мөнгө олох, улс төрд гарах гэсэн санаархал хавтгайрсныг үгүйсгэхгүй. Гэхдээ түүнтэй Ч.Мөнхбаярыг адилтгах боломжгүй. Учир нь Ч.Мөнхбаяр 54 нас хүртлээ гэр бүл ч зохиогоогүй, үр хүүхэд ч үгүй, нийтийн эрх ашгийн төлөө л цохилж явсан байна. Хувийн сонирхолгүй, хувьдаа хөрөнгөтэй болчихъё гэдэг бодол түй ч байхгүй байж, энэ хүн.
Хэргийн шалгалт ид өрнөж байна. Мөрдөн шалгах ажиллагааны процесст би орж болохгүй. Энэ бол хуулиар хоритой. Тийм мэдээлэл цацаж байгаа цахим сайтуудтай бид асуудал ярина хэмээн мэдэгджээ.