Оросын уран гулгагч Камила Валиевагийн сэргээшийн шинжилгээнд хориотой бодис илэрсэн ч тэрбээр Бээжингийн Олимпод орох ёстой тэмцээнүүддээ бүгдэд нь орсон билээ. Түүний сэргээшийн асуудал одоо болтол яригдаж, өвөөгийнх нь эм биед нь орсон байж болзошгүй гэсэн таамаглал хүртэл гарсан.
Тэгвэл Валиеватай адил сэргээшийн шинжилгээндээ бүдэрсэн ч өөрийгөө буруугүй болохыг нотолж тэмцээнээс хасагдах, эрхээ хасуулахаас зайлсхийж чадсан тохиолдлууд спортын түүхэнд олон байдаг гэнэ.
Сэлүүрт завины уралдааны дэлхийн 11 удаагийн аварга Лоренс Венсан-Лапуантын шинжилгээнээс булчингийн масс нэмэгдүүлдэг лигандрол хэмээх бодис илэрсэн ч тэрбээр Токиогийн олимпоос хасагдахаас зайлсхийж чаджээ. 27 настай тамирчин бүсгүй худал үнэнийг илрүүлэгч төхөөрөмжөөр амжилттай орж, сэргээш хэрэглээгүй гэдгээ нотолсон байна.
Лоренс Венсан-Лапуант
Гэвч тэр өөрөө ч, мөн хуульчдын багийнхан ч яаж яваад энэ бодис Лоренсын биед орсныг ойлгож чадаагүй гэнэ. Ингээд шалтгаан нь аваргын экс найз залууд байж таарчээ. Залуугийн үснээс дээж аван шинжилтэл лигандролын ул мөр илэрч гэнэ. Аваргын найз залуу өөрөө ч ийм бодистойг мэдэлгүй нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байсан гэж хуульчид үзжээ.
Харин лигандрол нь үрийн шингэнээр дамжин Лоренст орсон юм байх. Олон улсын сэлүүрт завины холбоо канад бүсгүйг цагаатгажээ. Яг ийм тохиолдол 2018 оны боксын дэлхийн аваргын хүрэл медальт тамирчин, Америкийн Виржиния Фукст 2020 онд тохиожээ. АНУ-ын Допингийн эсрэг агентлаг (USADA) түүнчлэн багахан хэмжээний хориотой бодис боксчин бүсгүйн биед хамгаалалтгүй бэлгийн харьцааны дараа орсныг шалгаад, тамирчны талд орсон аж.
Токио 2020 олимпийн өмнө (коронавирусээс болоод наадмыг 2021 он болгон хойшлуулсан) Оросын хөнгөн атлетикч Сергей Шубенков сэргээшийн хариунд бүдэрчээ. Наадамд явуулах асуудал нь эргэлзээтэй болж ирэв. Шубенков эцэст нь тамирчдад хориглосон бодис бүхий эмийг гурван сартай хүү нь хэрэглэж байсан гэж тайлбарлажээ. Тамирчны хэлснээр бол, эмийг хүүхдэд өгөхийн тулд нунтаглаж, жижиглэх хэрэгтэй болсон гэнэ.
Сергей Шубенков
Учир нь гурван сартай хүүхэд шахмал эм залгих чадваргүй. Үүнээс хойш гал тогоонд эмийн үл мэдэгдэх жижиг хэсэг үлдэж, тэр нь тамирчны биед халбага хэрэгслээр дамжин орсон гэжээ. Тамирчны хувь заяанд нөлөөлөх шийдвэр гаргадаг спортын байгууллагууд энэ тайлбарыг хүлээн авч, Шубенков Токио руу нисчээ.
Тэгвэл сэргээштэй холбоотой хамгийн өвөрмөц тайлбарыг Швейцарын морь унаач Надя Петер Штайнер өгсөн гэдэг. Хориотой бодис түүнээс ч биш, мориноос нь илэрчээ. 2017 онд Мароккод болсон тэмцээнд ялсных нь дараа Сора де Фонкомб нэртэй гүүнээс нь трамадол хэмээх өвчин намдаахад ашигладаг хориотой бодис олдсон байна.
Надя Петер Штайнер
Тамирчны эрхийг дөрвөн жилээр хассан боловч Штайнер Спортын арбитрын шүүх CAS-д хандаж, трамадолыг багийнх нь жолооч нуруу нь өвддөгөөс болоод хэрэглэж байсан гэдгийг баталжээ. Мань жолооч морьдыг тэжээлд зориулсан, ачааны тэвшин дээр хэвтэж байсан өвс рүү шээж орхисон гэнэ. Ингээд Штайнер болон түүний багийнхан Мароккод ирэхэд трамадолтой өвсийг ачааны машинаас буулгаж, морины жүчээнд оруулан, хайртай гүү нь идэж орхисон гэжээ. Жолооч эр ажилгүй болохоос айж, энэ үйлдлээ тэр дор нь хэлээгүй юм байх. CAS ч Штайнерт итгэж, эрхийг нь хассан байснаа цуцалжээ.