Монгол инженерүүд өнгөрсөн оны 9 дүгээр сард монгол уран бүтээлчдийг дэлхийд гаргах зорилгоор Монгол NFT платформыг олон нийтэд танилцуулж байсан. Харин тэд өнөөдөр 6000 гаруй NFT гаргасан байна. Тэд мөн цахим ертөнц хөгжүүлэх олон төслүүдээс тэргүүн эгнээнд “The Sandbox Metaverse” орж байгаа ба тус орчинд Mongol NFT 2021 оны 11 сард газар худалдан авч Монголын соёл, түүх, болон уран бүтээл түгээх төв байгуулахаар болсон. Mongolia NFT нь мета ертөнцөд “Meta Ulaanbaatar” хот байгуулах уралдаан зарлаж, ялагчдад 35,000 долларын шагнал гардууллаа. 2022 оны 2-р сард уралдааны ялагчдыг тодруулж, мета Улаанбаатарыг танилцуулсан. Тэмцээнд нийт 113 баг оролцсоноос “Seven pixel” баг ялагчаар тодорлоо. Тэдний хийж буй ажил нь залуучуудад түүх соёлоо таниулах, Монгол Улсыг дэлхийд сурталчлах зорилготой юм.
Б.Габит, Монгол NFT үүсгэн байгуулагч: Монгол NFT төсөл маань 2021 оны 9 сард анх нээгдсэн. Гол зорилго маань Монголд байгаа уран бүтээлчид өөрсдийн хийсэн бүтээлээ манайд оруулж, тэр нь дэлхийн өнцөг булан бүрийн хэнд ч нээлттэй байж, тэрхүү бүтээлүүдийг нь худалдан авах боломжийг бүрдүүлэхийг бид хүссэн байгаа.
Харин Мета Улаанбаатар хотыг бид бий болгосноороо энэ нь яг бодит амьдрал дээр байгаа шиг тэнд өөрсдийн музей, урлагийн шоу арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зэргийг зохион байгуулж, тэр нь зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй Metaverse дээр байгаа дэлхийн 300 сая хүнд хүрэх боломжтой. Тэд мета Улаанбаатар хот руу ороод Монголын цагаан сар, Монгол наадмыг үзэх боломжтой болж байна гэсэн үг.
Э.Мишээл, “Таван богд капитал” үнэт цаасны компанийн арилжаа, судалгаа хэлтэсийн дарга: Мета ертөнц рүү дэлхийн томоохон их гүрнүүд, улс орнууд, бизнесийн тоглогчид орж ирж маш их хөрөнгө оруулалт хийж байна. Мэдээж АНУ гол тоглогч байгаа. Үүн дээр нэмээд Хятад улс хэдийгээр крифто зах зээлийг бүрэн хориглосон ч гэсэн метавэрс зах зээлийг хөгжүүлэх шийдвэр гаргаад явж байгаа.
Хятадын хамгийн том технологийн гигант компаниуд Тинсэнт, Алибабагаас эхлээд маш их хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа. Ирээдүйд энэ зах зээл 8 триллион долларын зах зээл болно гэсэн тооцоолол гарсан байгаа. Тэгэхээр ирээдүйтэй маш том ертөнц болох нь тодорхой байгаа учраас манай Монгол улс үүн дээр хоцролгүйгээр өөрийн Улаанбаатар хотоо байгуулаад орж байгаа нь маш том амжилт гэж харж байна.
Х.Цэнгүүн, Seven pixel багийн ахлагч: Хүний үүсэл түүхээсээ эхэлдэг. Тэгэхээр бид түүхээ мартахгүй. Түүх болон орчин үе хоёрыг нэгтгэж нэг цогц болгохийг хичээж бүтээлээ хийсэн.