Саудын Араб улс түүхэндээ анх удаа галт тэрэгний машинчаар 30 эмэгтэй ажилд авах зар тавихад 28 мянга гаруй хүн өргөдлөө ирүүлснийг Мекка, Мединагийн хооронд хурдны галт тэрэгний ашиглалт хариуцдаг Испанийн төмөр замын Renfe компани мэдээлжээ.
Тус компани ийм их хэмжээний өргөдлийг ганцхан сарын дотор хүлээн авсан байна. Ингээд онлайнаар шалгалт авч, хичээлийн дүн, англи хэлний мэдлэгийг нь шалгасны дараа нэр дэвшигчдийн тоо 2 дахин буурч, 14 мянга болсон байна.
Гуравдугаар сарын дундуур тус компани 30 нэр дэвшигч шалгаруулан авна. Эмэгтэйчүүдийг сургаж дадлагажуулсны дараа Мекка, Мединагийн хооронд галт тэрэг бариулах юм байна. Энэ маршрутаар жил бүр хэдэн сая лалын шашинт мөргөлч аялдаг. Саудын Араб улсад саяхныг хүртэл эмэгтэйчүүд зөвхөн багш, эмнэлгийн ажилтан хийх л боломжтой байв.
Харин сүүлийн жилүүдэд засгийн газар нь хэд хэдэн шинэчлэл хийсний үр дүнд 2020 оны сүүлч гэхэд эмэгтэй ажилтнуудын тоо 33 болж нэмэгдсэн гэнэ. Гэсэн ч эмэгтэйчүүд урьдын адил төрийн алба зэрэг томоохон албуудыг хашсан хэвээр байна.
Саудын Араб улс сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийг машин барих, хилийн чанад руу эрэгтэй хүний зөвшөөрөлгүйгээр аялах, хөлбөмбөгийн тэмцээн үзэх, армид алба хаахыг зөвшөөрчээ. Энэ мэт нийгмийн томоохон шинэчлэл хийгдэж байгаа ч Саудын эмэгтэйчүүд асран хамгаалагч эрэгтэйнхээ зөвшөөрөлгүйгээр нөхөрт гарах, шоронгоос гарах, эсвэл эмнэлгийн тодорхой үйлчилгээ авах эрхгүй хэвээр байгаа аж.