МоАХ-ын анхдагчид, үүсгэн байгуулагчид хоёрдугаар сарын 8-нд үндэсний анхдугаар чуулган нэртэй арга хэмжээ зохион байгуулж МоАХ хэмээх байгууллагын тэргүүнээр жагсагч Д.Монголхүүг өргөмжлөөд байгаа.
Энэ байгууллагын тэргүүнээр экс Ерөнхийлөгч Х.Баттулга ажилладаг бөгөөд сүүлийн үед Хөгжлийн банкны зээлтэй холбоотой баримтууд нь ил гарч ирсээн байгаа. МоАХ-ын Төв байр Хөгжлийн банкны барьцаанд бий, МоАХ-ын гишүүдээ орон сууцтай болгож өгнө хэмээн амласан амлалт нь биелээгүй, МоАХ-ын нэрээр олж авсан газар дээр нь Х.Баттулгын тойрон хүрээлэгчид орон сууц барьсан ч банкны зээлээ төлөөгүй, ширэн нүүрлэж яваа юм.
Тиймээс МоАХ-ын гишүүд ууртай байгаа. Энэ удаагийн чуулган дээр жүжигчин Д.Сосорбарам, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, ардчиллын анхдагч Д.Рэнцэнтавхай тэргүүтэй нөхөд оролцож, даргаараа Д.Монголхүүг томилон МоАХ-ы 5-р их хурлыг зохион байгуулах үүрэг өгөөд байгаа юм.
Гэвч яг одоо МоАХ-ын буурийг сахиж байгаа Х.Баттулгын хүмүүс Д.Монголхүү нарыг МоАХ-ны дүрмийг зөрчсөн, бусдыг төөрөгдөлд оруулсан, Эрүүгийн хуулийн 17-р зүйл, 19-р зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна хэмээн үзэж ЦЕГ-т хандчихаад байгаа. Үйл явдал МоАХ-ыг Ардчилсан намын араас оруулж, тус байгууллага хоёр хуваагдсаныг харуулаад байна.
АН-ын өнөөгийн байдал, дотоодын эв нэгдэл сарнин бутарснийг намынхан нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбон тайлбарладаг бол АН-ын хуваагдал ардаа нэхэлтэй байж, МоАХ-г дахин хоёр хуваагаад авчээ.