Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай газраас 2017 оны эхний хагас жилд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, бусдад зарж борлуулсан нууц далд аргаар үйлдэгдсэн 200 хүнд холбогдох 90 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Улмаар дээрх төрлийн бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэн бусдад зарж борлуулдаг бүлэг зохион байгуулалтад орсон 11 бүлгийн 71 этгээдийг баривчлан хууль бус үйл ажиллагааг нь таслан зогсоосон байна.
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлэх чиглэлээр:
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор батлагдсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор ХЗДХЯ, ЦЕГ-ын хамтран санаачилсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах нь” сэдэвт үндэсний чуулганыг төрийн ордонд, “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагуудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг Нийслэлийн цагдаагийн газрын хурлын зааланд тус тус зохион байгууллаа.
Тус газраас хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажилд төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын залуучуудын холбоо, Төмөр замын хэрэг эрхлэх газар, Хүүхэд залуучууд, гэр бүл хөгжлийн газар, Нийслэлийн боловсролын газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгуулахаар ажиллаж байна.
Мөн хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чадавхийг бэхжүүлэх зорилгоор Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерпол болон Дэлхийн аюулгүй байдлын төлөө интерполын сантай хамтран “Drug-free-mongolia-2018” төсөл, БНСУ-ын Ерөнхий прокурорын газрын мансууруулах бодистой тэмцэх албатай хамтран 337 сая воны санхүүжилттэй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд төслийн хүрээнд автомашин, дэлхийн бусад оронд ашиглагдаж байгаа сүүлийн үеийн технилогийн техник хэрэгсэл, анхан шатны тест зэргийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж эхлээд байгаа ба энэ төрлийн гэмт хэргийн гаралт, хэрэглэгчдийн хүрээ өсч байгаа шалтгаан нөхцөл, гадаад, дотоод хүчин зүйлд криминалоги, судалгааг Хууль Сахиулахын их сургуультай хамтран хийж байна.
Эх сурвалж: ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБА,
ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР