НАТО-ын зүгээс “Орос Украин руу бүрэн хэмжээний дайралт хийж магадгүй гэсэн дохиог харж байна” гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэв. Столтенберг бямба гаригт ARD телевизэд хэлэхдээ “Бүх шинж тэмдгүүд нь Орос Украинд бүрэн хэмжээний дайралт хийхээр төлөвлөж байгааг харуулж байна” гээд “Орос Украины хилээс цэргээ татаагүй, харин ч эсрэгээрээ шинэ цэргүүд ирж байна” гэжээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн хэдий ч эвсэл улс төрийн шийдлийг олох байр суурин дээрээ тууштай зогсож байгаа гэсэн байна. Мөн “Бид Оросыг арга барилаа өөрчилж, бидэнтэй хэлэлцээрийн ширээний ард суухыг албадмаар байна. Барууны орнууд Оросын санаа зовнилыг сонсохын зэрэгцээ НАТО болон Орост хоёуланд нь тустай шийдэл хайхад бэлэн байна” хэмээн мэдэгджээ.
Харин Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба “Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Мюнхений Аюулгүй байдлын бага хурлаас буцаж ирэхдээ нисэх онгоцны буудал дээр хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай уулзсан” талаар мэдээлээд “Төрийн тэргүүн Украины зүүн нутагт сүүлийн 24 цагийн турш болсон үйл явдал, цэргүүдийн байлдааны бэлэн байдлын талаарх дэлгэрэнгүй тайланг сонсож, ОХУ-ын нөхцөл байдлын талаарх Тагнуулын албадаас ирүүлсэн сүүлийн үеийн мэдээлэлтэй танилцсан” тухай мэдэгджээ.
АНУ болон барууны бусад орнууд 2021 оны намраас хойш Украйны хилийн орчимд Оросын цэргийн хүч нэмэгдсээр байгаа тухай мэдээлж байгаа. Гэвч Москва хөрш улсын эсрэг түрэмгийлэл хийхээр төлөвлөөгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байгаа юм.
Донецк болон Лунганскийн эрх баригчид Украины цэргийнхний Донбасс руу довтолгоогоо хийх гэж байгааг зарлаж, өндөр настан, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг Оросын Ростов муж руу бөөнөөр нь нүүлгэн шилжүүлж эхлээд байгаа. Гэвч Киев өөрийн хяналтанд байдаггүй Донецк, Луганск мужуудад цэргийн ажиллагаа явуулах боломжийг мөн үгүйсгэсэн хэвээр байна.