МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос өчигдөр (2022.02.18) мэдээлэл хийж, Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүдийнхээ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа тухайгаа мэдэгдсэн. Оны өмнө хуралдсан МАН-ын XXX Их хурлын дараа тус нам дүрмэндээ өөрчлөлт оруулсан бөгөөд МАН-аас улс төрийн өндөр албан тушаалд нэр дэвшин сонгогдож ажиллаж байх хугацаандаа авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдсан гишүүддээ “өөрийн хүсэлтээр намын гишүүнээс түдгэлзэх” болзолыг тусгаж өгсөн байгаа. Асуудалд үүсгэсэн гишүүн хэрвээ энэ дүрмийн заалтыг хэрэгжүүлээгүй бол Хяналтын ерөнхий хороо шийдвэр гаргах эрхтэй ч заасан байв.
Хөгжлийн банкны дуулиан үргэлжилж байгаа энэ өдрүүдэд МАН XXX Их хурлын тогтоол, шийдвэрээ ажил хэрэг болгож, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-ын гишүүнчлэлээс хасагдаж байгааг зарлаад байна. Эдгээр гишүүд нь Эрүүгийн хуулийн албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон зүйл ангиар ял шийтгэл сонссон бөгөөд заримынх нь ялын хугацаа дуусаагүй байсан юм.
Мөн МАН-ын Хяналтын ерөнхий хороо Хөгжлийн банкнаас зээл авсан нэр бүхий гишүүддээ мэдэгдэл хүргүүлжээ.
- УИХ-ын гишүүн С.Бямбацогт,
- УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
- УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
- УИХ-ын гишүүн Г.Дамдинням
- УИХ-ын гишүүн асан М.Билэгт
- УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
- Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн
- НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Үнэнбат нарыг ажлын гурав хоногт багтаан албан тайлбар ирүүлэх, банкны хэргийг мөрдөн шалгаж байгаа хуулийн байгууллагуудтай хамтарч ажиллаж, хэрэг шалгах ажиллагааг хүндрүүлэхгүй байх үүрэг өгчээ.
Эдгээр гишүүд нь бүгд Хөгжлийн банкнаас хамаарал бүхий компаниуддаа их хэмжээний зээл авсан, зээлийн эргэн төлөлт саарч, найдваргүй ангилалд багтаад байгаа юм. Хэрвээ тэднийг Прокурорын байгууллага гэмт хэрэгт яллагдагчаар татвал 30 хоногийн хугацаанд намын гишүүнээс түдгэлзэх өргөдлөө өөрсдөө өгөх ёстойг сануулаад авчээ.