Монгол Улсын 2021 оны нийгэм, эдийн засгийн урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа танилцууллаа. Тэрээр “2021 оны эхний хагаст Монголбанк болон ОУВС нь эдийн засгийн өсөлтийг 2021 оны эцэст 4-5 хувьд байна гэж төсөөлсөн. Гэвч Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэхүү төсөөллөөс харьцангуй бууралттай гарлаа.Энэ нь хөдөө аж ахуйн салбар болон барилгын салбарын эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө буурсантай шууд хамааралтай. Хөдөө аж ахуйн өсөлт төсөөлж байснаас 0.5 хувийн бууралттай гарсан нь байгаль цаг уурын нөхцөл байдлаас хамааралтай. Харин барилгын салбар 2021 оны эхний хагаст төсөөллөөс 13.4 хувь бууралттай гарсан нь төсөв мөнгө багассантай холбоотой. Төсөв багассанаар улсын хөрөнгөөр баригддаг сургууль цэцэрлэгийн тоо буурсан.
2021 онд эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлж чадсан салбар бол үйлчилгээ. Тус салбар нь эдийн засгийн өсөлтөд төсөөлж байсан дүнгээс 1.8 хувиар илүү нөлөөлж чадсан. Салбарыг өсөлттэй байхад нөлөөлсөн хүчин зүйл нь гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ 20 хувиар өссөн. Үүнийг дагаад дотоод худалдаа нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн.
Инфляц өнгөрсөн онд 16.6 хувиар нэмэгдсэн. Инфляц нэмэгдэхэд импортын барааны үнэ өссөн болон хилийн боомтын доголдолтой холбоотой барааны нийлүүлэлт тасарсан нь нөлөөлж буй” гэлээ.