Красноярск хотод Замын цагдаагийн ажилтнууд суудлын автомашинаа битүү хөлдөөж, хотоор аялаж байсан жолоочийг саатуулан шалгажээ. Цагдаа нар олон нийтийн сүлжээнээс битүү мөстсөн ВАЗ-2105 маркийн автомашин замын хөдөлгөөнд оролцож байгаа видео бичлэгийг олж үзсэн байна.
Автомашиныг зогсоон шалгахад 1987 онд төрсөн иргэн туршилт хийхээр машинаа хөлдөөсөн хэмээн тайлбарласан бөгөөд тэрбээр TikTok-т зориулж видео бичлэг хийдэг нутгийн блогчин байсан аж. “Авто мөсөн уул” замын хөдөлгөөнд оролцож байгаа нь аюулгүй байдалд заналхийлж байгаа тул хууль бус үйлдлээ таслан зогсоохыг Замын цагдаагийн газраас шаардсан бөгөөд “Мөсөн” машиныг автозамын хөдөлгөөнөөс гаргасан байна.
Мөстүүлсэн машины жолоочийн талын үзэгдэх орчин хязгаарлагдмал байснаас гадна гэрэлтүүлгийн төхөөрөмжийг цэвэрлээгүй, тээврийн хэрэгслийн шил арчигч эвдэрсэн зэрэг хэд хэд зөрчил байсан учраас цагдаа нар жолоочид захиргааны хариуцлага хүлээлгэжээ.