Беларусийн хүний эрхийн төв лхагва гаригт Польштой хиллэдэг хил дээр “цагаачдын амь насыг хөнөөсөн хэргийн баримтын талаар” НҮБ-д захидал илгээсэн тухайгаа мэдэгджээ. Тус төв нэгдүгээр сард Беларусь руу дүрвэж, тус улсаас орогнол хүссэн Польшийн цэрэг Эмил Чечкогийн эрх ашгийг хамгаалан мэдэгдэл гаргаж, Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийн прокурорт илгээсэн аж.
Төвийн тэргүүн Дмитрий Беляков захидлаар дамжуулан Польш дахь цагаачдын асуудал хүндэрч байгаа тул “Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, геноцидын тухай” зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх хүсэлт гаргасан бөгөөд захидлын эхийг Чечкотой хамтран бэлтгэсэн гэжээ. Хэдэн арван хуудсаас бүрдсэн уг хүсэлт, захидалд цагаачдын бодит амьдралыг дүрсэлсэн үйл явдлын бүрэн олон дүр зураг, Ойрхи Дорнодын уугуул иргэдийг хоморголон устгасныг нотлох баримтууд багтсан гэнэ.
Польшийн цэргийн Чечког арванхоёрдугаар сарын 16-нд Беларусийн хилийн зурваст саатуулагдсан бөгөөд цэргийн алба хаагч цагаачлалын хямрал болон дүрвэгсэдтэй хүнлэг бус харьцаж буй Польшийн бодлоготой санал нийлэхгүй байгаа тул тус улсаас улс төрийн орогнол хүссэн хэмээн хилийн харуулууд мэдэгдэж байжээ.
Чечко Беларусийн телевизээр Польшийн аюулгүйн хүчнийхэн цагаачдыг системтэйгээр хөнөөсөн гэж буруутгасан бөгөөд Беларусийн Дотоод хэргийн яам Чечкод дүрвэгчийн статус олгосон байна. Харин Польшид Чечког оргон зайлсан гэсэн зүйл ангиар буруутгаж, 10 жил хүртэл шоронд хорих ял оноохоор түүнийг эрэн сурвалжилж буй этгээдүүдийн жагсаалтад оруулжээ.
Чечко хоёрдугаар сард Беларусьтай хил залгаа нутагт өнгөрсөн оны зургадугаар сард алба хааж байхдаа цагаачдыг цаазлах ажиллагаанд оролцсон. Түүнээс хойш 10 хоногийн дотор 200-700 хүн амиа алдсан байж магадгүй хэмээн мэдэгдээд байгаа юм.
Өнгөрсөн онд Литва, Латви, Польш улсуудын Беларусьтай хиллэдэг хил дээр Ойрхи Дорнод, Африк тивээс ирсэн олон зуун хууль бус цагаачид цугларсан бөгөөд Минскийг цагаачлалын хямрал үүсгэсэн хэмээн буруутгаж эхэлсэн. Гэвч Минск цагаачлалын хямралыг зохион байгуулаагүй гэдгээ мэдэгдсэн ч Ерөнхийлөгч Лукашенко “Барууны хориг арга хэмжээний улмаас үүнийг зохицуулах мөнгө, хүч чадал байхгүй байгаагаа мэдэгдэж байсан юм.
Арваннэгдүгээр сард Беларусь, Польшийн хил дээр Европын холбооны улсууд руу тэмүүлсэн курд голдуу цагаачдын бүлэг цугларсан бөгөөд Беларусийн эрх баригчид цагаачдыг хүлээн авахын тулд хилийн шалган нэвтрүүлэх боомтын ойролцоо тээвэр, ложистикийн төвийг бэлтгэжээ.
Хожим нь цагаачдын нэг хэсэг нь Беларусь улсаас эх орон руугаа нүүлгэн шилжүүлэх нислэгээр болон тус тусдаа буцаж эхэлсэн ч ложистикийн төвд 700 орчим хүн үлдэж, Европын холбооны хүмүүнлэгийн коридорыг хүлээсээр байна.