Сүүлийн жилүүдэд стартап компани байгуулж, өөрийн бизнесээ хөл дээр нь босгох хүсэлтэй залуус олширч байна. Үүнтэй зэрэгцэн, Монгол Улсад хувийн сектороор дамжин ардчилсан, өндөр хөгжилтэй гуравдагч хөрш орнуудын хөрөнгө оруулалт дутагдаж буйг мэргэжилтнүүд хэлдэг.

Япон хөрөнгө оруулагчидтай холбож, зөвлөгөө авч, ирээдүйн энтрепренерүүдийг бэлтгэх зорилготой Future Shark бизнес уралдааныг зохион байгуулна

Японд сурч буй Ерөнхий Боловсролын Шинэ Монгол Сургууль (ЕБШМС)-ийн төгсөгчид нэгдэн, Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ-тай хамтран Монгол оюутан, сурагч,  залуусыг Япон хөрөнгө оруулагчидтай холбож, зөвлөгөө авч, ирээдүйн энтрепренерүүдийг бэлтгэх зорилготой Future Shark бизнес уралдааныг санаачлан зохиохоор болжээ.

Уг уралдаан нь “Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойн арга хэмжээ”-ний жагсаалтад багтсан ба хойшид жил бүр уламжлал болгон зохиогдох юм.

Уралдааны  шүүгчид нэр хүндтэй бизнес эрхлэгч, шинэлэг бизнес санаанд өөрөөсөө хөрөнгө оруулах хүсэлтэй хөрөнгө оруулагч (venture capitalist) эрхмүүд байх бөгөөд өөрийгөө сорьж уралдаанд оролцсоноор тэдгээр эрхмүүдээс зөвлөгөө аван бизнесийн хүрээллээ тэлж, хойшид хэрхэн өөрийгөө хөгжүүлэхээ мэдэж авах боломжтой ажээ. Хэрэв санаа тань инновацлаг, биелэх ирээдүйтэй бол шүүгчдээс хөрөнгө оруулалт татах боломж бий.

Энэхүү уралдаан нь бизнест сонирхолтой, япон хэлд суралцдаг бага ангийн сурагчаас эхлэн оюутан залуус хүртэл хэн бүхэнд нээлттэй. Зохион байгуулагчид ирээдүйд шилдэг энтрепренүүдийг бэлтгэж, Монголын старт-ап компаниудад гуравдагч хөрш Японоос сайн хөрөнгө оруулалт татдаг гүүр болон хөгжүүлэхийг зорьж байгаагаа онцолж буй.

Уралдаанд оролцохыг хүсэгчид ганцаараа болон баг бүрдүүлж, өөрсдийн бизнес санаагаа боловсруулж оролцоно. Мөн өөрсдийн бизнес төлөвлөгөө болох 400 үсэгт японоор бичсэн “Бүртгэлийн маягт”-ыг  бөглөж 2022 гуравдугаар сарын 15-ны Мягмар гарагийн дотор shinmongoru.ryugakuseikai@gmail.com-д ирүүлснээр уралдаанд албан ёсоор бүртгүүлэх юм. (Холбоосноос маягт татаж авах)

Уралдаан нь гуравдугаар сарын 26-нд Токио хот дахь Монгол улсын ЭСЯ-д зохиогдох бөгөөд Япон улсаас оролцогчид биеэр, бусад улсаас оролцогчид онлайнаар холбогдон оролцох юм.

Уралдааны агуулга:

  • Уралдааны өдөр баг бүр шүүгч нарт өөрсдийн бизнес санаагаа таван минутад багтаан танилцуулна. Илтгэлийн дараа шүүгчид таван минутын хугацаанд асуулт асууж, зөвлөгөө өгнө.
  • Бүх багуудын танилцуулга өндөрлөхөд шүүгч нарын хаалттай хуралдаан явагдаж, шагналт байруудыг тодруулна.
  • Өндөрлөсний дараагаар нийт оролцогч, зохион байгуулагч нар шүүгчдээс зөвлөгөө авч, холбоо тогтоох бэсрэг босоо хүлээн авалт зохиогдоно.

Оролцогчид доорх шалгуурыг хангасан байх шаардлагатай

  1. Багт нэгээс цөөнгүй Монгол оюутан, сурагч байх
  2. Баг нь нэгээс тав хүртэлх гишүүдтэй байх

ШАГНАЛЫН САН

  • Нэгдүгээр байр: 100,000 иен
  • Хоёрдугаар байр: 50,000 иен

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн