Монгол Улсад орчин цагийн дипломат алба байгуулагдсаны 110 жилийн түүхэн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Гадаад харилцааны үе үеийн сайд нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
Монгол төрийн нэрт зүтгэлтэн, мэргэжлийн анхны дипломатчдын нэг, Гадаад явдлын яамны урт хугацааны сайд агсан М.Дүгэрсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойн өдөр болсон энэ уулзалтад
- 23, 24 дэх сайд Ц.Гомбосүрэн,
- 25 дахь сайд М.Энхсайхан,
- 27 дахь сайд Р.Амаржаргал,
- 30 болон 37 дахь сайд Ц.Мөнх-Оргил,
- 31 дэх сайд Н.Энхболд,
- 33 дахь сайд С.Батболд,
- 34 дэх сайд Г.Занданшатар,
- 39 дэх сайд Н.Энхтайван нар хүрэлцэн иржээ.
Уулзалтын үеэр тэд манай гадаад харилцаа тогтвортой урагшилан тэнцвэртэй хөгжиж байгааг тэмдэглээд Монгол Улсын гадаад улс төрийн орчинд гарч байгаа өөрчлөлт, хоёр хөрш, гуравдагч хөршийн бодлого, олон улсын улс төрийн харилцааны чиг хандлага, ГХЯ-ны боловсон хүчний мэргэжлийн бэлтгэл, орон судалгааны бааз суурь, нөөц бололцооны талаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эдгээр эрхэмд талархал дэвшүүлж зөвшил санал, зөвлөгөө санамжийг нь ажил үйлстээ анхаарч хэрэгжүүлэхээ илэрхийллээ.